Сонгуулийн холимог тогтолцоон дээр намууд тохиролцжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Өмнөх долоо хоногт энэ талаар ярих үеэр МАН-ынхан дотроо талцаж байсан бол уг маргаанаа талууд нэг тийш болгожээ. МАНынхан холимог тогтолцооны талаар анх удаа сонсож буй мэт аягласангүй, дэмжсэн юм. Асуудлыг хэлэлцэхийн өмнө сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар өөрчлөх эсэх асуудлаар хайнаа хагалж, санал хураав. Олонх холимог хувилбарыг дэмжсэн учир зарчмын зөрүүтэй 29 саналыг хураалаа.

Нэгэнт холимог тогтолцоон дээр саналаа нэгтгэсэн болохоор зарчмын зөрүүтэй саналуудыг ч дэмжжээ. Тухайлбал, сонгогдох эрх бүхий иргэн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд нэг мандаттай, нэг тойрогт УИХ-ын гишүүнд бие даан нэр дэвших эрхтэй гэжээ. Мөн УИХ-ын Х гишүүнийг нэг мандаттай Х тойргоос, нам, эвслийн нэрийн жагсаалтаар сонгогдох Y гишүүнийг олон мандаттай нэг тойргоос тус тус сонгохоор сонгуулийг зохион байгуулах юм байна. Холимог тогтолцоо нь 50:26 гэсэн харьцаатай байх нь. УИХын 50 гишүүний пропорциональ тогтолцоогоор сонгох бол 26-г нь мажоритараар гаргаж ирэх юм. Үүнийг уг заалтаар тодруулжээ.

Төслийн 26 дугаар зүйлд заасан саналыг гишүүд дэмжсэнээр нэр дэвшигч нэг мандаттай тойрогт, эсвэл нэрийн жагсаалтаар нэр дэвшихийн аль нэгийг сонгох аж. Түүний саналыг эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрсөн бол шийдвэрийг дахин өөрчлөхгүй юм байна. Нэрийн жагсаалтаар нэр дэвшигчийг СЕХ, Х мандаттай тойрогт нэр дэвшигчийг Тойргийн хороо бүртгэхээр ялгаж өгчээ. Санхүүгийн асуудалтай холбоотой зүйлс ч зарчмын зөрүүтэй саналд багтсан байна. Тухайлбал, нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдэд нам, эвсэл нь аль нэг банкинд данс нээлгэж, энэ тухайгаа СЕХ-нд бичгээр мэдэгдэх учиртай. Энэ мэтээр тогтолцооны талаарх гацаа арилж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Цэцийн гурван гишүүнийг улираахыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Эцэг хуулийн “манаач”-аар есөн хүн ажилладаг. Тэднийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, Дээд шүүх, УИХаас санал болгодог. Тэгвэл одоогоор гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тэднийг улираах саналыг анх нэр дэвшүүлсэн Дээд шүүх болон Ерөнхийлөгчөөс гаргасан аж. Дээд шүүхээс Ж.Амарсанааг, Ерөнхийлөгчөөс Д.Наранчимэг, Н.Жанцан нарыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулав. Олон жил уг салбарт ажилласан, Цэцийн гишүүн хүмүүс учир тэдний туршлага, мэдлэгийг гоочлох хүн байсангүй.

Гагцхүү Ж.Сүхбаатар гишүүн цаг үеийн асуудлаар тэдний байр суурийг сонирхсон. Тэрбээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Ийм шаардлага бий гэж та бүхэн үзэж байна уу” хэмээн лавласан юм. “Тулгуур хууль тогтвортой, уян хатан байх ёстой. Гэхдээ нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөх нь зүй. Цаг нь болсон, болоогүй гэж хэлэхгүй. Баталснаасаа хойш 20 жил өнгөрсөн учир тодотгох зүйл бий гэж үздэг” хэмээн Ж.Амарсанаа хариулав. УБХ-ын гишүүн байж, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон хүний хувьд Н.Жанцан “Аль ч оронд Үндсэн хуулийг өөрчлөх нь нээлттэй байдаг. Гагцхүү олон талаас нь ярьж, оновчтой боловсруулах ёстой” гэлээ.

Ачаалал ихтэй гурван боомтод эхний ээлжинд санаа тавина

Хилийн боомтуудын талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Манай улсад одоогоор 29 боомт үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрээс Замын-Үүд, Гашуусухайт, Нарийнсухайтын хилийн боомт бусдаасаа илүү ачаалалтай ажилладаг байна. Төрийн бодлогоор бүх боомтын дэд бүтэц, зэрэглэл, нээх хаах, эрх зүйн орчин, ажилтнуудынх нь нийгмийн асуудал зэргийг зохицуулна. Төсөв мөнгөнөөс хамаараад эхний ээлжинд хамгийн их ачаалалтай дээрх гурван боомтод санаа тавина хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Боомтод үйл ажиллагаа явуулдаг МХЕГ, гааль гэх мэт 5-6 байгууллага хамтраад хяналт тавих Зөвлөл байгуулах, жил бүрээр ээлжлэн даргаа солихоор төсөлд тусгажээ. Энэ олон байгууллагыг нэгдсэн удирдлагатай болгож цэгцлэх хэрэгтэй, ийм зохицуулалт хийж болоогүй юм уу хэмээн Ц.Мөнх-Оргил асуулаа. Сайд “Тус тусын хуулиар үйл ажиллагаагаа зохицуулдаг байгууллагуудыг нэгдсэн удирдлагатай болгох боломжгүй. Засгийн газраар уг асуудлыг ярих үед хилийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулах санал гарсан.

Харин боомтын дэд бүтцийг хариуцуулахаар Боомтын захиргаа гэдэг байгууллага шинээр бий болохоор төсөлд оруулсан” гэсэн юм. Мөн тэнд ажиллаж буй хүмүүсийн нийгмийн асуудалд Д.Оюунхорол санаа тавилаа. Одоогоор хүүхдийн цэцэрлэгтэй нэг ч хилийн боомт байдаггүй аж. Засгийн газраас боловсруулж буй ерөнхий төлөвлөгөөнд энэ бүхнийг цогцоор тусгасан хэмээн ХХЕГ-ын дарга Сэргэлэн хариулна лээ.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)