Сонгуулийн сурталчилгааны паян

Сонгуулийн сурталчилгаа эхлээд дөрөв хонож байна. Дуусахад яг хоёр долоо хоног үлджээ. Шинэ хуулиар мөрийн хөтөлбөрүүдийг Төсвийн тогтвортой байдлын, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн, эсэх болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаас хянасан нь бас ч гэж дэвшил болж, итгэл төрүүлж буй. Хуулиар хориглосны дагуу мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай болон бусад салбарын орлого, улс, орон нутгийн төсвөөс хишиг, хувь хүртээх зэрэг арга хэмжээг улайм цайм мөрийн хөтөлбөртөө тусгаагүй ч зарим нам Тавантолгойн 1072 хувьцааг бүхэлд нь болон хэсэгчлэн амь оруулна, мөнгөжүүлнэ гэж шоудаад эхэлчихлээ.

Өнгөрөгч сонгуулиас хойш нам, эвслээс нэр дэвшигч нь тусдаа, бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглосноос хойш сонгогчдын толгой эргэх зүйл бас ч гэж багассан. Гэхдээ л нэр дэвшигчид нам, эвслийнхээ урианаас гадна тойргийнхоо онцлогт тохируулан толгой холбосон уриатай болж, аймаг, дүүрэгт нь хамаатай зорилго, зорилтуудыг мөрийн хөтөлбөрөөсөө сугалан авч “гангарахаа” мэднэ. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр зарим нэр дэвшигч мэдрэмжгүй, тунг нь хэтрүүлсэн сурталчилгааныхаа “ачаар” сонгогчдын элэг доог болох нь энүүхэнд. Ер нь аливаа сонгуульд нэр дэвшигчийн сонин, сэтгүүл, тараах материал, нэвтрүүлэг, зурагт самбар зэрэг нь зүгээр л гоё, ганган байхад хангалттай гээд бодчихдог гэм манайханд бий. Энэ удаагийн сонгуулиар ч ийм алдаа сурталчилгааны эхний өдрөөс л ажиглагдаж байна. Сонгогчдод сурталчлах материалын агуулга бүү хэл, бичсэн үг, үсгийнхээ алдааг хянадаггүй, мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй юм уу гэмээр зүйлс гарч л байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрог, Ховд аймагт АН-аас нэр дэвшигч Б.Пүрэвдоржийн зураг бүхий “Айлын ихээр ховдгоо хөгжүүлнэ” гэх бичигтэй материалыг тойрч олон нийтийн сүлжээгээр нэлээд яриа, хөөрөө болж буй.

Уг нь “Ажлын ихээр Ховдоо хөгжүүлнэ” гэж байсныг нь Ардын намынхан фотошопдчихсон юм гэж бухимдах нэгэн байхад, алдаатай эх, нооргийг нь атгаг санаатнууд ашиглаж байна хэмээн өмөөрөх. Аль нь ч байлаа гэсэн “Ховдоо хөгжүүлнэ” гэж байгаа нь агуулгаараа буруу, арай ажил, үүргийн хуваариа ч мэдэхгүй нөхөд нэр дэвшиж байгаа юм биш биз гэсэн бодол төрүүлээд буй юм. Ер нь энэ удаагийн сонгууль жалга, довны үзлийг “сэдрээгч” гэгддэг жижигсгэсэн, 76 мажоритар тойргийн өрсөлдөөн болж байгааг хэлэх үү, төрсөн нутаг, өссөн дүүргээ л хөгжүүлнэ гэх агуулга бүхий тал зассан, тойрогт баригдсан маягтай уриа моодонд оржээ. “Нутгийн хүү нутгаа”, “Өмнөговио өөрсдөө хөгжүүлье”, “Зүтгэлийн эхэнд хүнээ, сэтгэлийн төвд нутгаа” гэхчилэн аминчхан уриа хөвөрнө. Эсрэгээрээ аймаг, дүүргийн ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд нэр дэвшиж байж хариуцлагын хувьсгал хийе, өрөө барагдуулъя гэхчилэн том том зүйл ярьж, цээжээ дэлдсэн нөхөд ч цөөнгүй байна. Төрсөн нутгаа бус, түмэн олноо цугаар нь бодож, бодлого боловсруулах учиртай төрийн эрх барих дээд байгууллага-УИХ, тодорхой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын эрх, ашиг сонирхол, ажил хэргийг хамаарч ажиллах ИТХ хоёрын ялгааг ухахгүй, юу хийхээ мэдэхгүй байгаа нөхдийг ер нь өрсөлдүүлэх хэрэг байгаа ч юм уу.

Энэ удаа УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт зохион байгуулахаас гадна сурталчилгааны хоног, хугацаа давчуу буй. Мөнгө нь байвал хуульд заасан хэмжээ, загварт багтаан сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл материал тараах эрхийг тэгтлээ хязгаарлаагүй. Харин нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зурагт самбар, хуудас байрлуулахын төлөө жинхэнэ өрсөлдөөн болж байна. Өмнөх сонгуулиудаар мөнгөтэй нэр дэвшигчид нь сурталчилгааны самбар, зурагт хуудас байрлуулах аятайхан байршлуудыг хамчихдаг байсан нийтлэг дутагдлыг арилгах үүднээс бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн зориулалтаар ашиглуулахгүй, зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны үеэр түр хугацаагаар үнэ төлбөргүй байрлуулахаар Сонгуулийн тухай хуульд заасан. Улмаар сонгуулийн штаб, ухуулах байр байрлаж буйгаас бусад байшин, барилга, байгууламжид сурталчилгааны самбар байрлуулахыг хориглосон. Гэхдээ нэр дэвшигч болон нам, эвсэл нь зурагт самбараа сонгуулийн хэсэг тус бүрт тооны хязгаарлалтгүйгээр байрлуулах эрхтэй.

Энэ дагуу зурагт болон ухуулах хуудсаар “гангарсан” нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шон сүлд мод аятай харагдах нь жигтэй, хөгжилтэй. Уг нь зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1 гэхэд тухайн сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоосон ч зарим байршилд зурагт хуудаснууд чихцэлдэж байна. Ямар сайндаа л “Бие даагч Өөлдийн Мөнхбат” гэсэн бичиг барьсан иргэний “Шон олдсон ч зай олдсонгүй” гэх тайлбартай зураг сошиал ертөнцөд “од” болох вэ дээ. Гэхдээ зурагт үзүүлсэн Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт тийм нэртэй хүн нэр дэвшээгүй юм билээ. Гэсэн ч зорьж, нөхөрсгөөр үзүүлсэн энэ дүр төрх олон газрын бодит байдал юм. Нөгөө талаас зурагт хуудасны хэмжээг А3-аас илүүгүй байхаар хуульчилсан болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам төвлөрсөн зарим байршил дахь гэрлийн шонгоос юу гэж бичсэнийг нь харах бүү хэл нэр дэвшигчдийн царайг ч олж үзэхгүй байх тохиолдол гарч л байна. Гэвч үүгээр мөнгөний хүчин зүйлийг зурагт хуудас, самбарнаас ч болов зааглаж чадсан нь олзуурхууштай.

Ер нь сонгуулийн сурталчилгаа гэдэг элгээ баярлуулах шалгарсан арга юмдаг уу даа. “Гоё зорилго, гоё сонголт” гэсэн гоё нэртэй, гоё бүсгүйн чухам юуг нь харж сонголт хийхээ мэдэхгүй л сууна. 2000-аад оны үед хүүхэд, багачуудын хүслэн болж байсан “Сансрын хамгаалагч Волтрон”-ыг санагдуулам шторкыг хүүхэлдэйн кино гэж андуурах бяцхан дүү минь дэлгэцнээс салахгүй юм, яалтай ч билээ. Зарим нь явган хүний зам дээр шуудайтай элс налуулан самбараа байрлуулж бухимдуулна. Ганц самбар эвийг нь олоод байрлуулж чадахгүй байгаа хүн төр улсыг төвхнүүлж чадах уу гэж ч бодох шиг. За тэгээд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн “Би таны гэр бүлийн гишүүн” гэх уриа олон нөхрийг хоёр эхнэртэй, зарим айлыг хүүхэд харах хүнтэй болгочих шахсан. “Гэр оронд тань гэрэл гэгээ татуулна” гээд байгаа эхнэр, нөхөр хоёрын зургийг хараад экс Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай хоёрын хэн нь нэр дэвшиж байгааг таахад бэрх бөгөөд “эрчим хүчнийхэн хэрэггүй боллоо” гэж элэглэх хүмүүс бишгүй. Сонгуулийн сурталчилгаа их юм хэлнэ шүү, таминь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)