Сонгуулийн сургаар тодорч буй авьяас

Сонгууль үнэхээр хүчтэй юм аа. Далд байгаа бүхнийг уудлан гаргах шидтэй юм. Ялангуяа нэр дэвшигчдийн “өгөөмөр” зан, уран яруу үг, тэгээд бас далд авьяасыг илрүүлэн, эхнээс нь илчилж байна. Үүний нэг жишээ нь Салдангийн Одонтуяа саяхан “Хурд”-ын Отгонбаяртай хослон дуулсан явдал. “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд хамаатай юм бэ” гэдэг шиг хүн дуулна уу, уйлна уу маньд хамаагүй л дээ. Гэхдээ сонгуулийн он гарах тун ойрхон байгаа энэ цагт авьяас нь гэнэт тодорч байгаа нь сонирхол татлаа.

Иргэн бол баялаг хэмээдэг С.Одонтуяагаас өмнө УИХ-ын эр хэм гишүүдийн авьяас амилж эхэлсэн. Д.Лүндээжанцан гишүүн “Зангаараа амраг” цомог гаргаж, цэнгүүн хийсэн. Гэхдээ түүнийг шүлэг яруу найраг оролддогийг хүмүүс мэднэ л дээ. 18 дууны шүлэг бичсэн түүнээс дутахгүй авьяастай гэдгээ Л.Гүндалай баталж, “Гүн цэнхэр Хөвсгөл далай ээж” хэмээн магтан шүлэглэж, Г.Гантөрөөр ая зохиолгож, “Харанга”-ын Лхагваагаар дуулуулсан нь жинхэнэ хит болж чадсан. Энэ мэтчилэн шинэ он гарахаар олон хүний авьяас гэнэт гэнэт илэрсэн тухай мэдээнүүд хөврөх биз.

Э.ХАНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)