Сонгуулийн “салхинд” дэрвэсэн чуулган

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор энэ сарын 28-ныг дуустал түр завсарлуулсан. Угтаа хаврын ээлжит чуулганыг долдугаар сарын 1-нд хаахаар хуульчилсан ч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа үндсэндээ зогсож, эцэст нь түр завсарлаад буй нь энэ. Эргэж цуглаад хоёр хоногийн дараа хаах учраас энэ удаагийн чуулганы үр дүнг дүгнэхэд эртдэхгүй болов уу.

Сонгуулиас болж албан бусаар, арай эрт “хааж” буй энэ удаагийн чуулганаас гарсан хууль, тогтоомж, шийдвэрүүдэд аанай л сонгуулийн тусгал гүн буй. Угаас УИХ-ын болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль жил дараалан болдог учраас үе үеийн шинэ парламентын хамгийн анхны хаврын чуулган сонгуулийн шуурганд хүссэн, хүсээгүй нэрвэгддэг нь нууц биш.

Тиймээс түр боловч завсарласан нь ч дээр биз. Сонгогчдод таалагдахын тулд чих нь зөөлөрсөн түшээдийн гаргасан шийдвэрүүдээс дурдвал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдлыг нэрлэж болно.

Энэ дагуу “Приус” зэрэг хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварын хэмжээг долдугаар сарын 1-нийг хүртэл “0”, долдугаар сарын 1-нээс эхлэн 50 хувиар тогтоогоод байна. Улмаар энэ оны тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 9-нийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгохоор болсон юм.

Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашиныг хилээр оруулж ирсэн гэж буй бөгөөд 691 сая төгрөгийн татварыг буцаан олгох гэж байна. Эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд нэмэгдүүлсэн татвараа ийнхүү богино хугацаанд бууруулсан нь энэ. Буцаагаад нэмэх нь бас тодорхой.

Мөн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний талаар тогтоол баталж, тэр дагуу нь хууль, хяналтын байгууллагууд хэдийнэ ажилдаа ороод буй. Өмнөх дөрвөн жилд Монголбанкийг удирдсан хүмүүс хийгээд нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгах чиглэл бүхий уг тогтоолыг өдгөө эрх барьж буй намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гол “хөзөр” гэж хардах, шүүмжлэх хүмүүс бишгүй.

Мэдээж УИХ хэлэлцэх хугацааг нь хуульчилсан баримт бичгүүдээ баталсан. Эдийн засаг, нийгмийг ирэх онд хөгжүүлэх чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл зэргийг батлаад буй бөгөөд тэд үлдсэн хугацаанд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах ёстой. Улс орны эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор тус чуулганы эхэнд энэ оны төсвийг тодотгож, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах бэлтгэл базаасан нь хаврын чуулганаар хэлэлцсэн асуудалд томоохон жин дарж буй. Мөн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэлээд хэдэн зээл, тусламжийн хэлэлцээр соёрхон батлав.

Харамсалтай нь, төсвийн тодотголыг дагалдуулан баталсан тогтоолд тусгасан гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын орлого, зарлагын гүйлгээг дотоодын банкаар дамжуулах заалт асуудал үүсгэж, тодотгосон төсвөө “тодотгох” шахсан. Энэ нь манай шийдвэр гаргагчид өчигдөр баталсан хуулиа өнөөдөр өөрчилдөг, эргэж буцдаг, хариуцлагагүй, тогтсон байр суурьгүй ажиллаж буйн нэгэн илрэл болсон юм. Энэ байдал Эрүүгийн хуулийн эргэн тойронд ч өрнөснийг энд тодотгоё.

Өнгөрөгч парламентын төгсгөлд шинэчлэн баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд шинээр бүрдсэн УИХ хамгийн түрүүнд гар хүрч, мөрдөж эхлэх хугацааг нь хойшлуулсан. Энэ оны эхнээс дагаж мөрдөх байсан хуулиудыг ирэх сарын 1 болтол хойшлуулчихаад энэ хугацаанд хэд хэдэн удаа гар хүрээд авах нь тэр.

Санаачлагчдын зүгээс дээрх хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийж буй нэмэлт, өөрчлөлт хэмээн тайлбарлах ч Х.Нямбаатар нарын шинэ гишүүд дураараа аашилж, дуртай зүйлээ өөрчилж байна гэх шүүмжлэлийг намын гишүүд нь ч хэлж байсан юм. Юутай ч тэр бүр засаж, янзлаад байдаггүй суурь, томоохон хуулиудад он гарсаар хойш гурав, дөрвөн удаа гар хүрчихлээ.

Өнгөрсөн хугацаанд хамгийн их хэлэлцэж, бас хэрэлдэж ирсэн сэдэв бол Үндсэн хууль, түүний нэмэлт, өөрчлөлт тойрсон асуудлууд. Хамгийн их ярьдаг хэрнээ халгаж, тойрч гүйгээд, “барьц” сонгох боломж олголгүй явж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал энэ чуулганы үед ямар ч байсан хөдөлсөн. Чухам тэр алхам нь гай хийгээд гавьяа болох, эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Учир нь шинэ парламентын намрын чуулганаар баталсан цоо шинэ хууль болох Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд зохион байгуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга гээч зүйл зөв, буруу байсан талаар өнөөдөр ч цэц булаалдаж байна. Юутай ч уг санал асуулгын дүнд үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ерөнхий төсөл боловсруулж, түүнийгээ энэ зун ард түмэндээ танилцуулж, бүх нийтээрээ хэлэлцэнэ гэж буй.

Улмаар ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөсөн. Хуульд нь ч зохих өөрчлөлт оруулчихсан. Тэгэхээр энэ чуулганы үр дүнтэй ажилласан, эсэхийг “ирээдүйн” Үндсэн хуулиар үнэлмээр ч юм шиг. Үүн шиг гай, гавьяа дагуулах нь тодорхойгүй ч хүлээлтэд үндэслэн “мэндэлсэн” нэгэн хууль “Оффшорын” гэх тодотголтой.

Төрийн албанд зүтгэж буй хэн боловч гадаадад данс, хувьцаа эзэмших зэрэг эрхийг нь гэр бүлийнхнийх нь хамт хориглосон уг хуулийг бодитой хэрэгжүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй ч гишүүдийн олонх нь ийм хууль баталснаа баатарлагаар ярьж яваа сурагтай. Энэ нь зарим талаар сонгуулийн бас нэгэн “хөзөр” болж буй нь нууц биш ээ.

Хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга М.Энхболд “Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа, сэлгээ, томилгоо бараг байх ёстой хэм хэмжээ, журам дүрэм болж хэвшихэд хүрлээ. Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд бид хөгжихгүй, урагшлахгүй” хэмээн Төрийн албаны тухай хуулийг шинэчилнэ гэдгээ онцолсон.

Гэхдээ эл асуудал ирэх чуулган руу шилжих бололтой. Удахгүй халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгчийн санаачилсан болон нэр бүхий гишүүдийн боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч талуудын байр суурь тийм ч ойрхон биш байна. АН-ын бүлгийнхэн дээрх төслүүдийн хүрээнд эрх баригчдын илэрхийлж буйгаас нэлээд зөрүүтэй байр суурьтай байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)