Сонгуулийн жилийн төсвөөр бид бүсээ дээд зэргээр “суллах” нь

2016 оны Монголын эдийн засгийн хямралыг валютын хямрал гэж нэрлэхэд нэг их буруудахгүй байх. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 500-600 төгрөгөөр суларч, голлох бараа бүтээгдэхүүний үнэ бараг нэг дахин нэмэгдсэн. Одоо  л дөнгөж сэргэж эхлэв үү гэтэл өмнөх алдаагаа давтах шиг болов. Тухайлбал, дээрх жилүүдэд 1.6 хувиас 6.9 хувь руу “ниссэн” Монголын эдийн засгийн өсөлт энэ онд үргэлжлэх боловч ирэх оноос сайжрахгүйг эдийн засагчид хэлсээр буй. Үүгээр ч зогсохгүй 2020 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарна хэмээн Монголбанк мэдэгдээд буй. Үүн дээр нэмээд манай улс албан ёсоор ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д багтсан нь гал дээр тос нэмэх шиг болж, валютын ханшийг савлуулчихлаа.

Энэ янзаараа тун удахгүй хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв тэр чигээрээ батлагдах нь.

Ийм байхад төсвийг хэтэрхий өөдрөгөөр харж, бүсээ дээд зэргээр “суллах” болж байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ янзаараа тун удахгүй хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв тэр чигээрээ батлагдах нь.

Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн тэнцлийг хоёр их наяд төгрөг байхаар тооцсон юм. Мөн уул уурхайгаас олох ашгийг хэт их буюу 3.2 их наяд төгрөгийг олно гэж төсөөлсөн нь үндэслэлгүй, судалгаагүй байна гэх шүүмжлэл байгаа юм. Учир нь АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, Хятадын талын нүүрсний таталт зэргээс шалтгаалж, уул уурхайн салбарын ашиг хэлбэлзэнэ.

Сонгуулийн жилийн төсвийг эрх баригчид ийн зураглав.

Үүнээс гадна аймаг, дүүргүүдэд хуваарилах хөрөнгө шударга бус байна хэмээх яриа газар авах боллоо. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Архангай аймагт 139 тэрбум төгрөг, Сүхбаатар аймаг 30 тэрбум байх жишээтэй. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутаг болох Хэнтий аймагт хамгийн их төсөв буюу 235 тэрбум хуваарилав. Сонгуулийн жилийн төсвийг эрх баригчид ийн зураглав.

Төсвийн алдагдал нь хоёр их наяд төгрөгт хүрэх магадлалтай болсон байхад удаа дараагийн сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн амлалтууд, салбар салбараар бий болсон үрэлгэн төсвийг эргэж харахаас өөр аргагүй юм. Тэр дундаа халамжийн хэмжээг дээд цэгт нь тулгасан гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнд,

  1. Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлнэ;
  2. Мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчдын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгох;
  3. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай хөтөлбөр” болон дотуур байрны хоолны зардлыг 50 хувиар нэмэх;
  4. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгох;
  5. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх;
  6. Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөх үүргийг хөнгөлөх;
  7. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгох;
  8. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг 15-20 хувиар нэмэгдүүлэх зэрэг багтаж буй.

Манай улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын тэрбум, 2023 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх болон БНХАУ-ын Төв банктай хийсэн своп хэлцлийн зэрэг өр төлбөрийг төлөх ёстой. Гэтэл эргээд үр ашгаа өгөх, орлого олох бус байшин барилга барих, сэргээн засварлах, иргэдэд халамж “тараах”, төрийн албан хаагчдын цахим санг бүрдүүлэх зэрэг үр ашиггүй зүйлүүдэд төсвийг зарцуулах нь хэтэрхий эрсдэлтэй юм.

Мөн төсвийн төсөлд тусгагдсан зарим төсөл, арга хэмжээ нь төсөвлөлтийн шаардлага хангаагүй, хэрэгцээ шаардлага тодорхойлогдоогүй, төсөвт өртөг зөрүүтэй байгаагаас хугацаандаа хэрэгжихгүй байх эрсдлийг дагуулаад байна.

Гэвч УИХ-ын гишүүд энэ бүх эрсдлийг харалгүй, сонгуулийн жилээ бодоод нүдээ аниад “кноп”-дчихлоо.

Уг нь иргэдээ ажилтай орлоготой байлгах, тогтвортой ажлын байраар хангах, валютын гадагш урсах урсгалыг хаах, дундаж орлоготой иргэдтэй болох, хувийн хэвшлээ дэмжсэн маш энгийн эдийн засгийн бодлого барихад л улс орон маань босоод ирнэ гэж харах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)