Сонгуулийн ерөнхий хороог татан буулгая

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгууль болоод тав хонож байна. Дүн нь гардаггүй ээ. Монголчууд орон нутгийн сонгуулиа үүнээс өмнө ч хийж байсан, цаашид хийсээр л байна. Ардчилсан төрийн агуулга ийм. Орон нутагт засаг, төрийн эрхийг хэн барих вэ гэдгийг ард нийтийн чөлөөт сонгуулиар тодорхойлсоор байх нь хэнд ч мэдээж.

Харин энэ удаагийн сонгууль урьд өмнө огт болж байгаагүй, хойшид ч дахин ийм маягаар битгий болоосой гэж хүсэж залбирмаар хачин сонгууль болов. Бид энэ жилээс сонгуулийн санал хураалтад автомат машин хэрэглэдэг болсон. Сонгуулиа зөв шударга байлгах, дүн мэдээг богино хугацаанд гаргах гэж тэр. Гэтэл бараг долоо хоног өнгөрөөд байхад СЕХ дүнг таг дарсаар сууна. Өдийд тойрог, хэсгийн хорооны дүн мэдээ аль хэдийнэ нэгтгэгдээд ирчихсэн байх ёстой. Өмнө нь гараар тоолдог байхад санал хураалт дууссанаас 1-2 цагийн дараа ерөнхий дүнгийн багцаа гарчихдаг байсан.

Автомат машины нэг товчийг дараад л дүнг гаргадаг, интернэт, и-мэйл гээд мэдээллийн технологийн ололт хаа сайгүй нэвтэрчихсэн, гар утас, факс мэтийн холбоо харилцааны хэрэгсэл дэлхийн жишигт хүрээд хөгжчихсөн энэ цагт ингэж удна гэдэг байж боломгүй үзэгдэл. Тэгэхээр ямар нэгэн “но” оруулчих гээд байгаа юм биш биз. Ийм хардлага хаа сайгүй төрж эхэлсэнд иргэдийг буруутгах аргагүй. Хэрвээ буруутныг хайя гэвэл тэр нь Сонгуулийн Ерөнхий Хороо гэдэг байгууллага л байж таарна.Лав олон зуун хэсгийн хороонд ирц бүрдээгүй бололтой. Ирц бүрдэхгүй байж магадгүй байна шүү гэдгийг “Өнөөдөр” сонин олон удаа сануулсан. СЕХ “Бид мөнгө хуваарилсан. Санаа зоволтгүй” гэж олон нийтийг тайвшруулсаар байсан. Гэвч мөнгөөр сонгуулийн ирцийг бүрдүүлж болдоггүй аж. Өвөл болж, цас зудын улирал эхэлсэн, айлууд өвөлжөөндөө буусан, хүн хүч дутмаг байгаа, дээр нь цаг агаарын таагүй байдал нөлөөлж магадгүй гэсэн эмзэглэл өөр тийшээ эргэсэнд хөдөөгийнхөнд баярлах хэрэгтэй. Аймгуудад ерөнхийдөө ирц хангалттай байсан байна.

Харин нийслэлийн төвийн дүүргүүдэд ирц хүрсэнгүй. Хотынхон санал өгөх дургүйдээ ийм юм болоогүй л болов уу. Сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгогчдыг идэвхтэй оролцуулах үүргийг бүх шатны төрийн байгууллага хүлээдэг. Хороо, дүүрэг, нийслэлийн төр,захиргааны байгууллага энэ үүргээ туйлын хангалтг үй биелүүлжээ гэж дүгнэхээс өөр алга. Сурталчилгаандаа илүү анхаарч, үүрэгт ажилдаа хайнга хандсанаас ийм байдалд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаар Орон нутгийн сонгуулийн хууль хэтэрхий оройтож батлагдсан. Оройтсоноос болоод сонгууль явуулах хугацаа хойшилсон. Хэн буруутай вэ? Улсын Их Хурал. Тэр дундаа олонхийг бүрдүүлж, санаснаа дураар шийдэж байгаа АН гэмийг хүлээх учиртай. Өвлийн эхэн сар гарчихсан энэ үеэр орой 18.00 цаг болов уу, үгүй юү харанхуй болчихож байна. Харанхуйгаар саналаа өгөх гээд бүдчиж явахыг хүм үүс хүссэнгүй.

Хэрвээ анзаарсан бол 18.00 цагийн байдлаар ирц өмнөх сонгуулиас дутуугүй, зарим талаар илүү, ерөнхийдөө ирц бүрдчих нь ээ гэсэн итгэл төрөхөөр байсан. Гэтэл 18.00 цагаас хойш хүмүүс цөөрсөөр 20.00 цаг гэхэд хэсгийн хороон дээр бараг хүнгүй болчихсон байлаа. Ирц бүрдээгүй тухайд олон шалтгаан хэлж болох ч хамгийн гол хүчин зүйл энэ. Дутуу хагас ч гэсэн сонгуулиа нэг юм явууллаа. Гэтэл Намын дарга нар зөрүүтэй дүн хэлж иргэдийг будлиулж орхив. АН-ын дарга Н.Алтанхуяг “14 аймагт бид яллаа” гэсэн бол МАН-ын Ө.Энхтүвшин “Есөн аймагт манай нам ялсан нь баталгаатай” гэв. Монгол Улс 21 аймагтай биз дээ. Арвандөрөв дээр есийг нэмэхээр 21 гарахгүй нь хэнд ч тодорхой. Тэгэхээр хоёр даргын аль нэг нь худлаа залсан байж таарав. Монголын хамгийн том хоёр улс төрийн хүчний дарга, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд, нэг нь бүр Засгийн газрын тэргүүн ийм хоёр хүний амнаас баталгаагүй, нотолгоогүй үг гарах учиргүй. Тэдний үг шууд үнэн болж иргэнд хүрдгийг мартах ёсгүй баймаар. Хариуцлага энэ мэтээс л эхэлдэг. “Манай нам хавтгай яллаа” гэх юм.

Хэл зүйн хувьд буруу ярьсныг нь зөв болгож ойлговол тэдний нам 100 хувь, үгүй ядаж 90 хувийн ялалт авсан байх нь. Гэтэл 21-ийн 12 гэдэг бол 57 хувь шүү дээ. Ердийн олонх л болж. Бас “олонхиулаа” гэдэг ямар ч утга учиргүй, монгол хэлэнд байж боломгүй, монгол хэлээр ярьдаг монгол хүний хэрэглэмгүй цоо шинэ үгийг байн байн хэлээд байхыг нь яана. “Олонхи” гэдэг бол олуулаа л гэсэн үг. Ямар ч салаа утга байхгүй. “Олонхиулаа” гэдгийг ойлгохгүйд хүрээд салаа замаар нь сажилж ухвал “Арай ч олонх биш” гэсэн утга сацраад байх шиг. Ерөөсөө л “гишүүд” гэдэг олон тоог “гишүүд нар”, “гишүүдүүл” гэж зэрэмдэглэсэнтэй утга нэг билээ. Нөгөө талаар зөвхөн Улаанбаатар хотын 357 хэсгийн хорооны 186 буюу 52.2 хувьд сонгууль хүчингүй болсон гэсэн мэдээ байна.

Сонгогчдын бараг тал хувийнх нь ирц хүрээгүй байхад ялсан ялагдсанаа зарлаж, тоолж тооцож болж байгаа юм уу. Энэ мэт ээдрээ төвөгтэй, иргэн түмний итгэл сэтгэлээр тоглосон сонгууль болж өнгөрлөө. АН, МАН хоёр энэ улс орны ирээдүй хойчийг нуруундаа үүрч туулах учиртай хамгийн том улс төрийн хүчнүүд гэдгээ тооцож, арай жаахан жудаг замбараатай байх цаг болжээ. Эрхэмсэг, зангараг хоёр энэ намуудын чимэг баймаар. Гэтэл алиа салбадай мэт навсаганацгаах нь ард олонд элэг доог болж харагдаж байна. 2012 оны хоёр шатны сонгуульд нарийндаа хэн нь ч ялаагүй. Аль нэг нь ялимгүй түлхүү суудал л авах төл өв байгааг “Өнөөдөр” сонин бас л мэдээлж байсан. Хэлснээр ч болов. 2016, 2020 онд ч байдал давтагдах магадлалтай. Тэгэхээр хусам булаалдсан хүүхдүүд шиг байхаа болимоор байна.

Олонхийн эрх олж авсан нь олонх шиг байж чадаж, цөөнх болж эрхээ хумиулсан нь хоёрдугаар зиндааных гэдгээ мэдэрч, олуул цөөхүүлд ногдсон адууныхаа хэрээр исгэрч баймаарсан. Дашрамд улс төрд хүлүүлсэн СЕХ-г татан буулгаж, дахин шинээр эмхлэн байгуулахгүй бол болохгүй нь. СЕХ үндсэндээ нэг намын бүрэн төлөөлөлтэй болчихоод байгаа нь ийм замбараагүй байдал үүрлэх тааламжтай хөрс болж байна. Нэг л их хууль ярьсан, буруу зөв хаалгаар гарч Төрийн ордон руу хормой дэрвүүлсэн даргатай болчихож. Үнэндээ тэр хүн хуулиар гул барьж байгаагаас биш, огт ажил хийхгүй байна шүү дээ. “Иргэдийн оролцоотой төр”, “Иргэнээсээ асууж байж шийднэ” гэж их ярьж байгаа. Тэгвэл СЕХны гишүүдийг ард түмнээсээ асууж байгаад бүрдүүл л дээ. Эс тэгвэл одоогийн СЕХ-ны олиггүй үйл ажил олон түмнээ хагалан бутаргах, дайсагнан эвдрэлцэх зам руу түлхчихэж магадгүй боллоо.

 Б.Түвшин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)