Сонгох эрхээ өнөөдрөөс өөрсдөө хамгаалъя

Улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулна. Эл жагсаалт бол ардчилсан Монгол Улсын иргэн бид үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхийн бодит баталгаа. 18 насанд хүрсэн, сэтгэцийн өвчингүй, хуулийн хэллэгээр бол эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, хорих ял одоо эдлээгүй л бол таны нэр энэ жагсаалтад дурайж байх учиртай. Харин танай тойрогт бурхан шиг хүн нэр дэвшлээ ч дээрх жагсаалтад нэр тань байхгүй бол өөрийг чинь зургадугаар сарын 24-нд санал авах байрны босгоор давуулах ч үгүй.

...Магадгүй таны бүртгэл дээр “ажиллаж”, өмнөөс тань өөр хүн “зорилтот” нэр дэвшигчийг дэмжиж, санал өгөх гэж байгаа ч юм бил үү. Тиймээс өнөөдрөөс өөрсдөө тэр жагсаалтыг нь хяная. Сонгох эрхээ эдлэхийн тулд өөрөөс шалтгаалах зүйлсийг хийж, идэвхтэй, хариуцлагатай байя...

Магадгүй таны бүртгэл дээр “ажиллаж”, өмнөөс тань өөр хүн “зорилтот” нэр дэвшигчийг дэмжиж, санал өгөх гэж байгаа ч юм бил үү. Тиймээс өнөөдрөөс өөрсдөө тэр жагсаалтыг нь хяная. Сонгох эрхээ эдлэхийн тулд өөрөөс шалтгаалах зүйлсийг хийж, идэвхтэй, хариуцлагатай байя.

Учир нь энэ жагсаалт Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд сонгууль дуустал байршина. Айсуй сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургадугаар сарын 24 хүртэл үндсэндээ гурван сарын хугацаа олгож байна, бидэнд. Уг жагсаалттай холбоотой гомдол байгаа бол гаргах эрх нь сонгогч бидэнд бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний гаргасан гомдлын дагуу ажиллаж, санал хураалтаас гурваас доошгүй хоногийн өмнө холбогдох өөрчлөлтийг жагаалтад тусгах үүрэгтэй юм.

Үнэндээ би л гэхэд тэр жагсаалтыг нь шалгаж, хянасан удаа үгүй. Азаар нэрийг маань хасчихаагүй явж ирсэн учраас ямар ч байсан 18 нас хүрснээсээ хойш сонгууль алгасалгүй саналаа өгсөн. Харин санал хураалтын өдөр санд мэнд очоод сонгогчдын жагсаалтад нэр нь байхгүйг мэдэж, хэзээ хойно хэл ам хийдэг нь хэд билээ. Гэтэл сонгогчдын нэрийн жагсаалт сонгуулийн санал хураалтаас өмнө тодорхой хугацаанд олон нийтэд ил байх, үүнтэй танилцах боломжийг сонгогчдод олгосон заалт УИХ-ын 2008 оны сонгуулийг зохион байгуулсан хуульд ч байсан юм. Сонгогчийг нэрийн жагсаалтад оруулаагүй, эсвэл буруу бүртгэсэн тохиолдолд гомдол гаргах эрх ч тухайн үед хадгалагдаж байлаа. Харамсалтай нь, “Долдугаар сарын 1-ний” гэх хар үйл явдал энэ сонгуулийн дараа болсон. Тэр дундаа сонгогчдийн бүртгэлийн хуудуутай олон асуудал эл үймээнийг өдөөх шалтгаан байсан юм. Жишээ нь, “Сонгогчдын боловсрол” төвөөс гаргасан нэгэн судалгаанд дөрөв хүрэхгүй сарын зайтай зохион байгуулсан 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг харьцуулахад тоо нь нэлээд зөрсөн талаар дурдсан байдаг. Тэр нь нийт сонгогчийн 14-18 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байсныг ч онцолжээ. Ер нь өмнөх сонгуулиудад бүртгэлтэй холбоотой луйвар хамгийн их гардаг гэсэн ойлголт байсан. Ялангуяа 2008 онд сонгогчдыг давхардуулан бүртгэсэн зөрчил цөөнгүй гарсан нь үл итгэх явдал дагуулсан гэдгийг олон улсын байгууллагуудын нэг бус судалгаанд дурдсан байна. Хэдийгээр тухайн үед хууль, эрх зүйн холбогдох зохицуулалт хийгээд сонгогчдыг бүртгэх ажлын зохион байгуулалт талаасаа учир дутагдалтай, өнөөдрийнхтэй харьцуулахад доголдолтой зүйлс байсныг үгүйсгэхгүй ч иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй, идэвхтэй хяналт тавьж, хариуцлагатай хандсан бол тийм үр дүн дагуулахгүй байж болох байсан. Тиймээс л өнөөдрөөс сонгох эрхээ өөрсдөө хамгаалъя гээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хууль, эрх зүйн орчин нь сонгуулиас сонгуулийн хооронд чамбайрч, сайжирсныг чамлах учиргүй. Харин бидний хандлага, идэвх, хариуцлага өөрчлөгдсөн үү.

2012 онд сонгогчдын нэрийн жагсаалт сайжирсан гэж үнэлдэг. Гэсэн ч сонгогчдын нэрийг хоёр дахин бичсэн, өөр хаяг дээр бүртгэсэн зэрэг тохиолдол гарсан. Тухайн үед иргэний бүртгэлтэй холбоотой ихэнх гомдол нь хаяг зөрж, эсвэл давхардсанаас шалтгаалсан байв. Жишээ нь, иргэн шинэ хаяг руу шилжихдээ тэндээ бүртгүүлдэг ч хуучин хаягийн бүртгэлээсээ хасуулдаггүй нь давхардал үүсгэх шалтгаан болж ирсэн юм. Харин 2016 оны сонгуулиас бүх сонгогч иргэний ухаалаг үнэмлэхээ ашиглаж эхэлсэн төдийгүй улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсанд сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулж эхэлснийг дэвшил гэж үзэхгүй яах билээ. Сонгогчийн нэрийн жагсаалтыг одоо иргэний бүртгэл, мэдээллийн үндэсний санд үндэслэн үйлддэг болсон. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага бүр тус тусдаа бүртгэж, тэр нь зөрдөг үе ард хоцорсон гэсэн үг. Энэхүү үндэсний сан нь иргэний бүртгэлийн болон тухайн хүний биометрийн мэдээлэлд тулгуурлан сонгогчийг бүртгэдэг. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцогч талууд ч сонгогчийн бүртгэл үнэн зөв, сонгогчдыг ялгаварлахгүйгээр хамруулсан гэдэгт итгэж буйгаа илэрхийлснийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас томилогдсон Сонгууль ажиглах хорооны тайланд дурдсан нь бид энэ чиглэлд бага ч болов ахиж байгаагийн илрэл гэж харах нь зүйтэй болов уу. Мөн өмнөх хуулиар сонгогч өөрийн мэдээллийг биечлэн шалгах долоо хоногийн хугацаатай байсан бол одоо жагсаалтыг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлсэн мөчөөс энэ “тоолуур” гүйж буй. 2020 оны сонгуулийн хувьд тавдугаар сарын 30-наас өмнө жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх бөгөөд сонгогч мэдээлэлтэйгээ биечлэн танилцах боломж бүрдүүлэх үүрэгтэй. Цахимаар шалгаж, хяналт тавих боломжгүй сонгогчид ийм байдлаар эрхээ хамгаална гэсэн үг. Хэдийгээр мэдээллийн технологийн хөгжил манайд хүчээ авч буй ч өргөн уудам нутагт тархан суурьшсан монголчуудын зарим нь сонгогчийн мэдээллээ зорьж очиж шалгахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэвч сонгогчийн нэрийн жагсаалтыг алслагдсан аль нэг сумын Засаг даргын Тамгын газрын байранд хадгалж, үнэ цэнийг нь алдагдуулахаас зайлсхийх нь сонгогчдын өмнөх сорилт гэлтэй.

Сонгуулийг бүх нийтийн байлгаж, сонгох эрхээ эдлэхийн тулд сонгогчдын нэрийн жагсаалтад миний, таны нэр байх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны бүх хүнийг уг жагсаалтад бүртгэсэн байх нь сонгох эрхээ эдлэх, эдлүүлэхэд хамгийн чухал. Сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбарыг улс төрийн намуудад хүргүүлэхээр буй ч иргэний нийгмийн байгууллагууд тус жагсаалтад бие даасан, хараат бус шалтгалт хийх боломжгүй хэвээр. Энэ тохиолдолд сонгогч бид иргэний нийгмийн байгууллагууд үгүйлэгдэж буй хоосон орон зайг хяналтаараа дүүргэх учиртай. Тэгээд ч энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогч жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцаад зогсохгүй гэр бүлийнхнээ ч хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, танай хаяг дээр, гэр бүлд чинь танихгүй хэн нэгэн урилгагүй “зочилсон” бол түүнээс сонгох эрхээ хамгаалах эрх өөрт чинь байна. Үүнийгээ ашиглахаа мартуузай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)