Сонголтоо үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр болоход 14 хоног үлдлээ. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Гурван сар гаруйн өмнө болсон УИХ-ын ээлжит сонгуулийн эрс ялгаатай үр дүн өнөөдөр улс төрийн хүчнүүдийн орон нутгийн сонгуульд оролцох хандлагыг тодорхойлж буй.

Парламентад үнэмлэхүй олонх бүрдүүлж, засаг төрөө дангаараа эмхлэн байгуулж буй МАН-ынхан “Бидэнд итгэсэн шиг итгэж, бүрэн дэмжигтүн” гэх маягтай уриалж буй бол АН-ынхан эрх баригчдын өнгөрсөн хэдэн сард гаргасан алдаа, хийдлийг дөвийлгөж, ахин алдахгүй байхыг иргэд, сонгогчдод сануулж, төр засагт хяналт тавьж болохуйц, тэнцвэртэй сонголт хийхийг анхааруулж байгаа.

Үнэндээ одоохондоо улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид төдийгүй УИХ, Засгийн газрынхан сонгуулийн нөлөөллөөс ангид ажиллаж чадахгүй байна. Төрийн эрх барих байгууллага дахь ард түмний элч, төлөөлөгчийн индрийг сонгуулийн сурталчилгааны орон зай болгох гэсэн хүсэл, шуналаа хэн хэн нь тэвчиж дийлэхгүй байх шиг.

Улс орны өдөр тутмын ажлыг хариуцаж, гал алдуулах учиргүй Засгийн газар нь ч эргэж, буцсан шийдвэр гаргаж, холбирч байгаа нь өнөөх л сонгуультай холбогдоно.

Уг нь сум, дүүргийн ИТХ нь нутгийн өөрөө удирдах ёс гээч бүхэл бүтэн, тусдаа соёлыг тээгч. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт аж төрөн буй хүмүүс амьдрал ахуйдаа хамаатай бүхий л асуудлыг өөрсдөөсөө ардчилсан зарчмаар сонгосон төлөөллөөрөө дамжуулан, тогтоол шийдвэрийн хүрээнд хамтран шийдвэрлэх боломжийг энэ сарын 19-нд болох сонгууль олгох учиртай.

Тухайн сум, дүүргийн хөгжил, иргэдийнх нь ахуй амьдрал нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон орон нутагт Засгийн газрын эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засаг даргын хамтын үйл ажиллагаатай салшгүй холбоотой ч ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэхчилэн айхтар том зүйл амлан, хаашаа зорьж буйгаа ч үл ойлгох нэр дэвшигч цөөнгүй тодров.

Энэ мэтчилэн гайхалтай гэмээр асуудал дэвшүүлэх хүмүүс шат шатны сонгуульд өрсөлддөг ч 2016 оны сонгуульд дэвшигчдэд өөрийн гэсэн өнгө төрх бий аж. Энэ удаагийн сонгуулиар нийт 7282 төлөөлөгч сонгоно. Эдгээрийн төлөө 15 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж буй. 2008 оныг хүртэл Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулж ирсэн бол 2012 онд нийслэл, УИХ-ынхыг хамт явуулсан.

Энэ онд аймаг, нийслэлийн ИТХ болон УИХ-ын сонгуулийг нэг дор зохион байгуулаад буй. Ингэснээр дээрх сонгуулиудад өвдөг шороодсон нөхдөд дахин хүч үзэх боломж олгож байна. Мөн нөлөө бүхий улстөрчдийн үр хүүхэд нэр дэвшиж буй нь улс төр дэх ураг төрлийн холбоо улам батжих нь гэж шивэр авир хийхэд хүргэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 27, УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшсэн зэрэг нь дээрх буухиаг эхлүүлж байгаа юм. Улстөрчид гэлтгүй урлаг, соёлын салбарын, олны танил залуус ч цөөнгүй нэр дэвшээд буй.

Нөгөө талаас сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн нь ИТХ-д горилогчдын бүтцийг тоо болон чанарын хувьд нэлээд өөрчилж байна. Өнгөрөгч сонгуулийг сум, дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчийн гуравны хоёроос доошгүйг баг, хорооноос шууд, гуравны нэгийг улс төрийн нам, эвслийн жагсаалтаас сонгох холимог хувилбараар явуулснаа халж, зуун хувь мажоритар тогтолцоогоор зохион байгуулж байна.

Хоёр өөр хувилбараар явуулж буй сонгуульд нэр дэвшигчдийн тоог шууд харьцуулах боломжгүй ч энэ жил өмнөхөөс олон хүн нэр дэвшиж байгаа билээ. Мөн мажоритар тогтолцоо нь том гэгддэг намуудад ээлтэй, шинэ хүн, хүчинд халтай гэдгийг шүүмжлэгчид сануулсаар буй.

Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт нь зардлын дээд хязгаарт нөлөөлж бууруулсан ч нэр дэвшигчдийн сурталчилгааны цар хүрээ, арга хэлбэр, ухуулга, сурталчилгааны материал зэрэг нь сонгогчид “Орон нутгийн сонгууль УИХ-ынхаас дутахааргүй хөрөнгө хаяхад хүргэж байна” гэж шогшроход хүргэж байж мэдэх.

2012 оны орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд буюу хөдөөнийхөн өвөлжөөндөө буучихсан, сургууль, соёлын мөр хөөсөн нь төв, суурин газар бараадчихсан үеэр болж байсан. Ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол сонгуулийн өмнө байсан ч дахиж сонгууль явуулаагүй. Энэ удаагийн сонгуулийг өнгөрснөөс даруй сарын наана товлосон ч эрт хүйтэрч цаг хүндэрнэ хэмээн таамаглаж буй.

Улмаар малчид, хөдөлмөрчдийн өвлийн бэлтгэлээ ид базаах үетэй давхцахаар байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол дагуулж байна.

Хэдийгээр уг сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож буй ч гол өрсөлдөөн АН, МАН-ын хооронд болно. Тиймээс сонгогчид ирэх сарын 19-нд сонголтоо үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдгээ шийдэх юм. Таны сонголт мэргэн байг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)