“Сонгогчийнхоо боловсролд анхаараагүй нь өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа”

“Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийж, сонгогчдод боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэв. Тус байгууллагын тэргүүн С.Гантөр “УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байхад бид өнөөдөр хэн, хаана нэр дэвших, хэр хэмжээний хөрөнгөөр зохион байгуулах тухай л ярьж байгаагаас биш сонгогчийн боловсрол, сонгуулийн ирцийн талаар хөндөж байгаа төрийн байгууллага, улс төрийн нам алга. Сонгогчийнхоо боловсролд анхаараагүй нь өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа. Хуулийг нь харвал сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстой төрийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулахад л төвлөрч ажилласнаас бус, сонгогчийн боловсролтой холбоотой асуудлыг ямагт орхигдуулж ирсэн. УИХ-ын сүүлийн таван удаагийн сонгуулийн ирцийг харвал 2016 онд 73.6 хувьтай байсныг эс тооцвол 2000 онд 82.4, 2004 онд 82.2, 2008 онд 76.5, 2012 онд 67.3 болтлоо буурсан. Энэ ирцийг нэмэгдүүлж, шударга сонгууль явуулахын тулд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. УИХ-д ёс зүйгүй хүмүүс сонгогдож, сонгогчдын төлөө бус, амин хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж байгаа гэж нийтээрээ шүүмжилж буй байдлыг халах арга зам нь иргэдийн өөрсдийнх нь гарт бий. Сонгогчдын оролцоо өндөр байхын хэрээр нийгэм нь эрүүл, асуудал багатай байдаг. Төрийн байгуулал, улс төрийн тогтолцооны хувьд манайхтай төстэй Латви, Литва, Эстони улс хөгжлөөрөө биднээс түрүүлж байгаагийн нэг шалтгаан энэ” гэв.

Ингэхдээ тэд өөрсдөө аль ч шатны сонгуульд нэр дэвшихгүй, харин энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчдэд хяналт тавьж ажиллах гэнэ. Тухайлбал, тухайн нэр дэвшигч аливаа хууль бус үйлдэл гаргаж байна уу гэдгийг хянаж, тойргийнх нь сонгогчдод мэдээлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор тус ТББ-ын гишүүн П.Нямлхагва “Жишээ нь, “Сонгогчдын боловсрол” гэж ТББ байсан. Гэтэл тус байгууллагыг удирдаж байсан хүн нь нэг намын дуу хоолой болсноор үйл ажиллагаа нь зогссон. Гэхдээ бид хэн нэгний эсрэг үйл ажиллагаа явуулахгүй” хэмээн тодотгосон.

“Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ-ын гишүүн Б.Билгүүн “Дэлхийн болон дотоодын байгууллагуудын судалгаагаар монголчуудын 30 хувь нь ядуу байна. Үүгээр далимдуулж сонгогчдын боловсролд анхаарахгүй, саналыг нь худалдаж авах гэж оролддог. Сонгууль өгөхгүй байгаа нь шударга бус зүйлийн эсрэг алхам биш. Харин ч энэ нь хууль зөрчиж сонгогддог хүмүүст боломж олгодог” гээд сонгуульд оролцдоггүй, сонгох хүн алга гэж ярьдаг залуучуудыг идэвхтэй байхыг уриаллаа. Сонгуульд идэвхгүй оролцож, саналаа өгдөггүй хүмүүсийн олонх нь залуучууд тул тэдэнд чиглэсэн сонирхолтой контент, мэдээлэл түлхүү бэлтгэж байгаа юм байна. Вирусийн тархалттай холбоотойгоос гадна үйл ажиллагаагаа залуучууд руу илүү чиглүүлэх тул технологийн дэвшлийг ашиглан цахимаар мэдээлэл хүргэх аж. Мөн тэд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх нь зөвхөн төр, засгаас шаардах зүйл биш, хувь хүн, залуучуудын манлайлал, үлгэрлэл чухал болохыг хэллээ.

“Зөв сонголт-Бидний ирээдүй” ТББ энэ оны гуравдугаар сард зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)