Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүн их хэмжээний мөнгө тараах гэж байв уу

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаар өнгөрсөн баасан гарагт Тагнуулын болон Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд мэдээлэл хүргэсэн билээ. Хууль зөрчсөн үйлдлүүд маш их гарч байгааг дээрх байгууллагынхан олон нийт, сонгуулийн штабт ажиллаж буй ухуулагч нарт нь анхааруулсаар атал үл ойшоож байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөнгө тараахыг завдсан байж болзошгүй нэг бус үйлдлийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. ТЕГ, ЭЦА-ныхан өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дахь Кувейтийн хэмээн нэрлэж буй Богдхан уулын нэг аманд хүмүүс их хэмжээний бэлэн мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээллийн дагуу шалгасан юм. Улмаар 250 сая төгрөгийг 2.5 саяар нь багцлан боосон байсныг эд мөрийн баримтаар хураасан гэнэ. Тагнуул, цагдаагийн байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүн Даваажав гэх хүн уг ажлыг зохион байгуулсан хэмээн сэрдэгдэн шалгуулж эхэлжээ. 

Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр “Кёкүшюүзан Д.Батбаярын бие төлөөлөгчөөр 2012 оноос ажиллаж байгаа Даваажав гэх хүн мөнгө тараахаар бэлтгэж, олон хүн Кувейтийн аманд аваачин мөнгөө багцалж тоолж байсан юм билээ. Тиймээс хамт байсан хүмүүсийг нь ч хууль сахиулах байгууллагынхан авчран шалгаж эхэлсэн гэсэн” хэмээв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль зөрчсөн гэх 1276 гомдол ирүүлснийг шалгаж байна. Бэлэн мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл их ирүүлж байгаа. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн XIV хорооны нутагт шалгалтын ажиллагаа явуулж, гарал үүсэл нь тодорхойгүй 200 гаруй сая төгрөг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хууль зөрчсөн, эсэхийг нарийвчлан шалгаж тогтооно. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн” гэсэн юм. Үүнээс өмнө мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн I нутаг, “Баянгол” зочид буудлын урд талын МИАТ-ийн төлөөлөгчийн газар, Худалдаа хөгжлийн банкны байранд тус дүүргийн Цагдаагийн газрынхан хэргийн газрын үзлэг хийсэн байна. Тэнд мөн л хүмүүс их хэмжээний мөнгө тоолон авч байсан бөгөөд саатуулагдсан хүмүүс нь “БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы сонгуулийн сурталчилгааны штабуудад ажиллаж байгаа хүмүүсийн цалин, урамшууллыг олгох юм” хэмээн тайлбар өгсөн гэнэ.

Эдгээрээс гадна Сонгуулийн тухай хуульд заасан “ард иргэдийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөхийг завдсан, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх” заалтыг зөрчсөн нэг бус үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, АН-ын дэд дарга О.Магнайгийн хууль бус амлалт буюу “бүх тусгай зөвшөөрлийг байхгүй болгоно” хэмээн иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр ярьж байсан үйлдлийг нь шалгуулж буй аж. Мөн тус намаас нэр дэвшсэн Г.Очирбат сонгуулийн сурталчилгаандаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар авлаа” хэмээн зургийг нь ашиглаж буйг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн тагнуулын байгууллагад шалгаж болзошгүй байгаа аж. Монгол Улсын Үндсэн хуулийн 30, Ерөнхийлөгчийн тухай хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заасан байтал хэт нэг талыг барьсан сурталчилгаанд түүнтэй авхуулсан зургаа ашиглаж, үүрэг даалгавар өглөө хэмээж буй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа