
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХХ)-ны Ёс зүйн хороо Өмнөд Солонгосын иргэн Чхон Мон Жуныг тус байгууллагын ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхаар шийдэв. Холбооны дэд ерөнхийлөгч байсан энэ хүн 2010 онд Гүйцэтгэх хорооны гишүүдтэй холбогдож, 2022 онд ДАШТ явуулах эрхийг БНСУ авбал хөлбөмбөгийн хөгжилд 777 сая ам.доллар хандивлана гэж амласан аж. Энэ үйлдлийг санал худалдаж авах гэсэнтэй дүйцэхүйц ашиг сонирхлын зөрчил гэж Ёс зүйн хороо үзсэн байна.ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгууль 2016 онд хоёрдугаар сарын 26-нд болох бөгөөд Чхон Мон Жунаас гадна Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини, ЦСКА-гийн дасгалжуулагч байсан бразил Зико нар нэрээ дэвшүүлээд байгаа. Түүнчлэн Францын хөлбөмбөгчин Давид Жинола, Аргентиний алдарт хөлбөмбөгч Диего Марадона, Иорданий хунтайж Али бин Аль-Хусейн нар ч нэрээ дэвшүүлж өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Мэдүүлэг авах хугацаа энэ сарын 26-нд дуусна.