Солонгосын үсчин, гоо засалчид үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгнө

Монгол-Солонгосын үсчин, гоо засалчид энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болох “Үсчин гоо засалчдын экспо-2017” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийв. Тодруулбал, Монгол, Солонгосын үсчин, гоо засалчдын холбоод болон Солонгосын Олон улсын их сургууль хамтран хоёр өдрийн турш 10.00-17.00 цагийн хооронд “Blue Sky” зочид буудлын Саффир танхимд “Үсчин гоо засалчдын экспо-2017”-г зохион байгуулахаар болжээ.

Тус үзэсгэлэнгээр хоёр улсын үсчин, гоо засалчид туршлага солилцож, орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүн болон техник технологиор үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гэнэ. Ерөнхий зохион байгуулагчаар БНСУ-ын Кённим аймгийн Арьс, үсчин, гоо сайхны холбоо, Монголын үсчин гоо засалчдын хөгжлийн холбоо болоод “Ай Эйч Си” ХХК хамтарч ажиллах аж.

“Ай Эйч Си” компанийн ерөнхий захирал Квон Ик Сун “2017 оны нэгдүгээр сард хоёр улсын үсчин, гоо засалчдын холбоод хамтран ажиллахаар болж, гэрээ байгуулсан. Ингэснээр Монголын үсчин, гоо сайханчид шинэ чиг хандлагад суралцах, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй болох, чансаа бүхий тэмцээн уралдаанд хамтран бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтой болсон.

Энэ удаагийн арга хэмжээгээр БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах, Монголын гоо засалчидтай туршлага солилцох боломж бүрдэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Үзэсгэлэнд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхээс гадна тус улсын гоо сайхны технологиос суралцахыг хүссэн хэн бүхэнд зөвлөгөө өгөх юм байна.

Үүнээс гадна БНСУ-д уг чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүсийг бүртгэж, зуучлах гүүр болж, Монголын гоо сайхныг дэлхийн түвшинд ойртоход илүү түлхэц болно хэмээн албаныхан үзэж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)