Солонгосоос ирэгсдийг “шингээх” зах зээл алга

Өмнөд Солонгост гурван сар ажиллаад өнгөрсөн хавар ирсэн монгол залуу одоо манай ноолуурын томоохон компанид туслах ажилтнаар орсондоо “тэнгэрийн умдаг атгасан” юм шиг баяртай байна. Үүр цүүрээр эртлэн босож, үдшийн бүрэнхий тасартал ногооны талбайд сонгино хүртэл хурааж үзсэн тэрбээр хэтэвчиндээ багагүй мөнгөтэй, оюун санаандаа ч чамгүй ухааралтай иржээ.

Мөнгөний үнэ цэнэ болоод ажил хийх, ачаалал даахын мөн чанарыг 20-иодхон настай залуу тэнд яс махаараа мэдэрсэн учраас өдгөө тус компанид багахан цалинтай, хүн болгоны гар, хөлийн үзүүрт “зарагдаж” буйгаа юман чинээ боддоггүй гэнэ лээ. Хувцас үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр дээд сургууль төгссөн түүнд ажил олдохгүй жил гаруй болчихоор нь “Гурван сарынхан”-ы тоонд орж, Солонгосыг зорьсон гэдэг.

“Хүний нутагт хар бор ажил хийж, хэн ч биш юм шиг чичлүүлж амьдрах залуу хүнд утгагүй юм билээ. Тэнд манайхан яаж ажилладгийг би нүдээрээ харсан. Яагаад Монголдоо ингэж ажилладаггүй юм бол гэж ч бодсон. Мэдээж цалин мөнгөтэй л холбоотой байх. Мөнгө ахиу олдгийг нь бодвол би ч тэнд үлдэж болох л байсан. Гэхдээ надад зорилго байгаа учраас тэгэхийг хүсээгүй” хэмээн тэрбээр ярилаа.

Үзэл бодол, өмнөө тавьсан зорилгодоо тууштай байсных нь шагнал гэлтэй, түүний хувьд мэргэжлээрээ ажиллах үүд хаалга саяхан нээгджээ.

Солонгост гуравхан сар ажиллаад ирсэн залуу ийм ганзагатай байгаа юм чинь тав, арван жил болсон монголчууд бүр ч их мэдлэг туршлага, ур чадвар хуримтлуулсан байгаа даа. Харин түүнийг нь манайхан ашиглаж чадаж байгаа болов уу.

...Солонгост хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр нутаг руу нь буцаах зорилготой дээрх аянаа тус улс ирэх арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр сунгасан тул тэнд “харласан” монголчуудаас дахин нэмэгдэж ирэх магадлал их байна. Учир нь хангүг улсад манай 32800 гаруй иргэн амьдардаг бөгөөд тэднээс 9700 орчим нь хууль бусаар оршин суудаг...

Өнгөрсөн зургадугаар сард БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аян эхлүүлсэн юм. Уг аян хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын 822 иргэн сайн дураараа эх орондоо ирээд байгаа тухай тэндхийн Цагаачлалын албаныхан мэдээлжээ.

Сайндаа ч биш л дээ. Дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцсан гадаадын иргэдийн хувьд БНСУ-ын хилээр буцаж нэвтрэх эрх нь нээлттэй учраас манай “гэрээ мартсан Гэсэрүүд” ийн Монголдоо ирээд байгаа юм. Гэвч “Дахин Солонгос руу гарахын тулд л ирээ биз дээ” гэсэн шалтгаанааар элэг нэгтнүүдээ цааш түлхэж, гаргуунд нь гаргамааргүй байна.

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас болоод тус улс гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулах бодлого баримталж буй гэлцэнэ. Тэгэхээр дээрх 822 хүнийг зайлшгүй энд нь “шингээх” шаардлага хөдөлмөрийн зах зээлийн өмнө тулгарч байна. Үйлдвэрлэл, технологиос эхлээд бүхий л салбарт хөгжлөөрөө үлгэрлэн гайхуулж буй айлаас тэд маань “алт”-ыг нь биш юм гэхэд “авдар”-ыг нь ядаж чирээд ирсэн байлгүй дээ.

Монголчуудыг ямар ч ажил дээр томилсон авхаалж самбаатай, ачаалал даах чадвар сайтай, санаачилгатай байдаг тухай солонгосчууд дэмий нэг шагшин магтаагүй нь ойлгомжтой.

Оёмол бүтээгдэхүүн бэлдэцийн “БОНН” нэртэй үйлдвэр Төв аймгийн Зуунмодод нээгдээд байхад нь хоёр жилийн өмнө очиж сурвалжилга хийж байв. Энгийн нэг цулгуй цагаан даавуун дээр хүртэл донжийг нь олсон хээ хуар, гялгар чимэглэл оёсноор тухайн материал “амь орж”, ямар ч бүтээгдэхүүн хийхэд бэлэн болдог тийм үйлдвэр 2013 оноос өмнө Монголд байсангүй.

Даавуу нь даавуугаараа, ноос нь ноосоороо, ноолуур нь ноолуураараа тэр чигтээ эцсийн бүтээгдэхүүн болохоор оёдлын үйлдвэрт шилждэг байсныг өөрчилсөн “БОНН” үйлдвэрийнхнийг солонгос ноу хауг эх орондоо нутагшуулагчдын томоохон жишээ гэж болно.

Арваад жил Солонгост ажиллаж, гэр бүлийнхнээ ар араас нь аваачсан ахан дүүс тэнд зүгээр л нэг хүний эрхэнд байлгүй, “Хангил” нэртэй томоохон үйлдвэрийн туслан гүйцэтгэгч компани байгуултлаа идээшиж, эцэст нь тэр технологийг Монголдоо нутагшуулсан юм билээ. Сайн анзаарвал манайд энэ мэт жишээ цөөнгүй байгаа.

Солонгост хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр нутаг руу нь буцаах зорилготой дээрх аянаа тус улс ирэх арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр сунгасан тул тэнд “харласан” монголчуудаас дахин нэмэгдэж ирэх магадлал их байна. Учир нь хангүг улсад манай 32800 гаруй иргэн амьдардаг бөгөөд тэднээс 9700 орчим нь хууль бусаар оршин суудаг юм.

Тэгэхээр тэднээс дор хаяж 10-20 хувь нь Монголдоо ирлээ гэж бодоход тэр хүмүүсийг ажлын байраар хангаж, мэдлэг туршлагыг нь ашиглах бодлого, зохицуулалт манайд харамсалтай нь алга. Тийм зах зээл ч алга байгааг мэргэжлийн хүмүүс хэлнэ лээ. Статистикийн байгууллагынхны хэлж буйгаар энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 10.4 хувьтай байгаа нь харин ч муугүй үзүүлэлт гэнэ.

Ойлгож байна аа. Олон салбар зогсонги байдалд орж, эдийн засаг хямралтай байгаа. Гэхдээ Солонгосоос хэдэн хүн эх орондоо ирсэн, тэдний хэдэн хувь нь ажил хайж буйг, хэд нь ажилд орсныг хүртэл мэдэхгүй “Бидэнд тийм нарийн мэдээлэл алга” гээд сууж байхаар манай төр, засгийн ажил яаж урагштай байх вэ дээ.

Өмнөх засгийн үед Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв гэж дориун газар байсан. Сонгуулийн дараа хөл, толгой нь олдохгүй хэсэг пижигнээд, одоо хүртэл цэгцэрч чадаагүй байгаа учраас тус байгууллагын нэг эрхэм “Ажиллах хүчний судалгааны 2016 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.9 мянга байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны наймдугаар сарын эцэст 39.4 мянга болсны 21.3 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь ангилдаг ч Солонгост, эсвэл аль нэг улсад ажиллаж байгаад ирсэн туршлагатай, эсэхийг нь нарийвчлан асуудаггүй” гэхээс өөрийг хэлсэнгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантай бол бүр ярихын ч хэрэг алга.

Хэвлэлийн төлөөлөгчгүй, дээрээс нь заавал аль нэг даргаасаа зөвшөөрөл авч байж тодруулга, мэдээлэл өгнө гээд гэдийчихэв. Өөрөөр хэлбэл, Солонгосоос ирсэн 800 гаруй иргэн өнөөдөр хаана, юу хийж байгааг (гудамжинд лааз өшиглөөгүй л байгаасай) хэн ч мэдэхгүй байна. Манай улсын 22 дахь аймаг тэнд нүүгээд оччихсон юм шиг тийм олон хүний амь амьдралын асуудал Солонгост “буцалж” байдаг.

Одоо тэгвэл тэр “аймгаас” 1000-аад монгол хүн ажил хийх аргагүй болоод наашаа ирцгээж байна. Хамгийн гол нь тэд бол хал үзэж, халуун чулуу долоосон “ажлын машин” гэдгийг мартаж болохгүй.

Ажил хийхгүй, гэртээ тэрийгээд хэвтэж байсан ч аав, ээж, ахан дүүс нь хөдөөнөөс хоолны мах явуулчихдаг учраас өлсөхийн зовлон, хөдөлмөрлөхийн амтыг мэдэхгүй манайхны нялцгайнуудаас огт өөр. Адгийн наад зах нь хүнээс үг дааж сурсан, хэр баргийн ажлын ачаалалд түүртэхээргүй болтлоо бэлтгэгдсэн хүмүүс учраас тэдэн рүү чиглэсэн тусгай бодлого хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)