''Содон ӨНГӨ''

Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад “Тоонот” нэрийг андахгүй болсон биз ээ. Тус студитэй хамтран ажиллаагүй хип хоп хамтлаг, реппер бараг үгүй. Хит болсон олон дуу энэ студиэс “мэндэлсэн”. “Тоонот” студи хоёр жилийн өмнөөс шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байгаа юм. Тус студийн реппер Э.Золбоог “Шинэ танил”-д онцоллоо.

“Far away” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн реппер OZ-trip “Тоонот”-ын гишүүн болсноос хойш “Этик” продакшны “Хүний цаана” киноны дуу, “Тааваараа”, “Doping” зэрэг уран бүтээлийг олны хүртээл болгосон. Хип хоп хөгжмийн олон урсгалаар туурвиж, өөрийгөө сорих дуртай тэрбээр “Хип хоп надад өөрийгөө, бодож буй зүйлсээ чөлөөтэй илэрхийлэхэд хамгийн тохиромжтой урлагийн төрөл мэт санагддаг. Сонсогчдод урам өгөх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн уран бүтээлийг орхигдуулж болохгүй. Үүний хажуугаар сайхан зүйлд уриалж, тэдэнд таашаал өгөхүйц дуу ч зохиохыг зорьж байна. Маш олон урсгалаар дуу хийж, туршиж үзлээ. Хүнд агуулгатай олд скүүл, хөнгөн сэдэвтэй трэп урсгалын уран бүтээл ч гаргалаа. Олон жилийн өмнөөс бодсон ч хийж чадаагүй санаагаа одоо гүйцэлдүүлж байна. Цаашдаа ч аль нэг хэв маягт баригдалгүй сонирхолтой бүхнийг туршиж үзмээр байна” гэсэн. Тэрбээр “Toonot volume 1”, “Toonot volume 2” цомогт багтсан “Say my name”, “Respect”, “Summer time”, “You”, “Гараад ир, найз минь”, “Hola”, “Миний ертөнц”, “Загатнаа”, “The winner”, “Brand new” зэрэг уран бүтээлийг реппер Desant, Bilgang, ар энд би дуучин Jason, регги дуучин Ратабазз, дуучин Э.Агиймаа, Б.Маралжингоо нартай хамтран бүтээж сонсогчдод хүргээд байна. Мөн тун удахгүй бие даасан цомгоо гаргахаар ажиллаж буй аж. Ташрамд дурдахад, “Тоонот” студийнхэн “Toonot volume 3” цомог гаргахаар ажиллаж буй бөгөөд мөн студийн албан ёсны уран бүтээлчдийнхээ бие даасан цомгуудыг гаргахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн: А.Тайшир