Сноуборд 1994 онд олимпын нэг төрөл болжээ

1965 онд Шерман Поппен хэмээх эр хүүхдүүдээ тоглуулахаар хоёр цана нийлүүлэн бэхэлж, чарга хэлбэртэй, зогсоогоороо гулгадаг зүйл хийснээр сноуборд үүссэн гэж үздэг. Түүний хийсэн этгээд зүйл хавь ойрынх нь жаалуудын сонирхлыг ихэд татсан тул цөөн тоогоор урлаж, худалсан байна. Үүнийгээ snow-surfer буюу snurfer гэж нэрлэжээ. Шерман Поппены үйлдвэрлэл өргөжсөөр 10 жилийн дотор нэг сая snurfer борлуулсан гэдэг. Гэхдээ Дмитрий Милович давалгаан дээгүүр наадагч (surfer), Жэк Бартон нар гарч ирээгүй бол түүний бүтээл хүүхдийн тоглоом чигээрээ үлдэх байв. 

Милович snurfer-ийн дээд хэсгийг арзгар, доод хэсгийг хуванцар материалаар бүрж, нийлэг эдээр хийсэн бэхэлгээ нэмснээр илүү боловсронгуй болгожээ. Гэхдээ түүний компани 1980 онд хаалгаа барив. Жэк Бартон ч сноубордыг боловсронгуй болгохоор янз бүрийн арга сэдэж, уян модон тавцан дээр усны цанын бэхэлгээ суурилуулж, анхны сноубордоо урлав. Тэрбээр 1977 онд Вермонт хотод компаниа нээсэн нь хожим дэлхийд сноуборд үйлдвэрлэгч хамгийн том компани болсон юм. Яг энэ үед скэйтбордын аварга Том Симс сноубордын үйлдвэрээ нээж амжжээ. Тэр жил нь Боб Веббер полиэтиленээр хийсэн алдарт “Yel¬low banana” загвараа гаргалаа. Гэвч ихэнх нь бэхэлгээгүй, урд нь тогтоосон уяагаар залдаг хуучин загвартай байсан тул цанын баазууд гулгахыг зөвшөөрдөггүй байлаа. 

1979 онд Мичиганд болсон тэмцээний үеэр Пол Грэйвс анхны чөлөөт үзүүлбэр хийж, four sliding 360, frontflip хоёрыг толилуулан олныг алмайруулав. Энэ тэмцээнд Жек Бартон өөрийн сноубордын загвараа анх танилцуулсан байна. Удалгүй Европт сноубордын дуулиан тархан, Америкаас захиалж авсан олны танил эрхмийн нэг нь хожим ISF-н ерөнхийлөгч болсон Хосе Фернандес байв. Тэрбээр 1985 онд болсон Хойд Америкийн сноубордын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон анхны европ хүн байлаа. Тэрбээр тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Удалгүй сноубордод цанын технологи нэвтэрч, ардаа түшлэгтэй бэхэлгээ хийгдэн, өнөөгийн төрхийг олж, залахад эвтэйхэн болсноор тусдаа спортын төрөл болон хүлээн зөвшөөрөгдсөн юм. 1981 онд анхны сноубордын тэмцээн Колорадод, түүнээс нэг жилийн дараа Вермонт хотод сноубордын үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохиожээ. 1987 онд Европын аварга шалгаруулах тэмцээн болоход, олон орны тамирчин цугларч, спортын нэгэн шинэ төрөл мэндэлснийг тунхаглав. Сноуборд хөгжсөөр 1994 онд олимпын нэг төрөл болжээ.

1996 онд сноубордын үзүүлбэртэй анхны кино бичлэгийг Аляскад хийснээр олны хүртээл болсон юм.

Бэлтгэсэн: Г.Бат


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)