Си Зиньпин ирэх жил БНАСАУ-д айлчлах нь


БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх жил БНАСАУ-д айлчлах бодолтой байна. Тэрбээр Папуа-Шинэ Гвинейд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа ийн мэдэгдсэнийг “Kyodo” агентлаг уламжиллаа.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн гуравдугаар сард Хятадад айлчлахдаа Си Зиньпинийг албан ёсны айлчлал хийхийг урьсан билээ. Хятадын удирдагч хамгийн сүүлд БНАСАУ-д 2005 онд айлчилж байв. Тэр үед БНХАУ-ын дарга Ху Жиньтао Пёньянд айлчилжээ.

Си Зиньпин БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх хоёр талын байр сууриа зохицуулах хүчин чармайлт гаргах, тус бүс нутагт энх тайван тогтоох механизм бий болгох хэрэгтэйг мэдэгдсэнийг Хятадын Төв телевиз уламжлав. 

Солонгосын хойгийн асуудалд оролцогч талууд бие биенээ дэмжиж, уян хатан байж, яриа хэлэлцээ хийсэн нь үр дүнд хүрч буйг Си Зиньпин онцолжээ. Мүн Жэ Ин идэвхтэй үүрэг гүйцэтгэсний үр дүнд сүүлийн нэг жилд тус хойгийн байдал мэдэгдэхүйц сайжирсныг Хятадын дарга тэмдэглэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Сөүл болон Бээжин Зүүн Азид энх тайван, тогтвортой байдал тогтоох нийтлэг сонирхолтой байгааг хүлээн зөвшөөрчээ.

Үүний сацуу АНУ-ын Тагнуулын төв газрын Солонгосын хэрэг эрхэлсэн төвийн тэргүүн Эндрю Ким Өмнөд Солонгост гэнэт айлчилж, Панмүнжом тосгон дахь Хамтын аюулгүй байдлын бүсэд БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр Америкийн тагнуулын газрын төлөөлөгч өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Өмнөд Солонгост очжээ. 

Энэ айлчлал нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн орлогч Ким Ён Чоль нарыг уулзахаас өмнө БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх Вашингтон, Пёньян хоорондын санал зөрөлдөөнийг багасгах учиртай. Тэд энэ сарын 8-нд уулзахаар төлөвлөсөн нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. 

Үүнээс өмнө тэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хэлэлцэх асуудлыг зөвшилцөхөөр өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркт уулзаж байсан билээ. Одоо Вашингтон болон Пёньян дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцэж байгаа юм.

Нөгөөтээгүүр, БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Өмнөд Америкийн Куба, Венесуэл, Мексик улсад айлчлах гэж буй тухай Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Мексикт тэрбээр тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын тангараг өргөх ёслолд оролцох гэнэ.

Умард Солонгос сүүлийн жилүүдэд Кубатай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. Энэ сарын эхээр Кубын Төрийн болон Сайд нарын зөвлөлийн дарга Мигель Диас-Канель Бермудес Пёньянд айлчилж, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хэлэлцээ хийсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)