“Сирийн дайнд Путин ялж, ӨРНӨД ЯЛАГДСАН”

Сирид 2011 оны хавар иргэний дайн эхэлснээс хойш 10 сая гаруй хүн дүрвэж, 500 мянган хүн амь үрэгдсэнийг олон улсын хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд мэдээлжээ. Дайны сүүдэр өрх бүрт тусаж, зөвхөн Сирид төдийгүй Өрнөдийн орнуудад хохирол учруулсан. Харин Владимир Путиний Орос улс гол ялагч нь болсон гэж Дамаскт Францын Элчин сайдаар ажиллаж байсан Мишель Дюкло үзэж байна.

Өдгөө Монтенийн хүрээлэнгийн тусгай зөвлөх тэрбээр “Сирийн урт шөнө” номдоо дайны тухай өгүүлжээ. Тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа өрнөдийнхөн удаан хугацааны турш хоёрдугаарт тавьдаг Сирийн мөргөлдөөн Европт популизм газар авч, Ойрхи Дорнодод хүчнүүд хуваагдахад хүргэснийг тэмдэглэв. “Одоогийн байдлаар Сирид Европ ялагдах нь тодорхой. Тус бүс нутагт европчууд бараг оролцохгүй, америкчууд гарахыг мөрөөдөж, Путин Эрдоан, Нетаньяху, Ираны хамт ирээдүйн мөргөлдөөнийг гартаа авчээ” гэж Дюкло номдоо бичжээ.

Европ болон дэлхийн бусад хэсэг алдаан дээрээ ажиллаж, Сирийн геополитикийн Чернобылийн уршгаас ангижрах хэрэгтэй болно гэж АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус Сирид болж буй үйл явдлын талаар хэлснийг Дюкло эш татсан байна.

Сирийн дайны гол сургамж нь хормын сулралт буюу тус улсын хямралд хэрэгтэй үед нь оролцох хүсэлгүй байсанд оршино гэж Дюкло үзжээ. Европ хэд нугарсан төлбөр өгөхөд хүрсэн. Өөрт хамаагүй, холын мөргөлдөөн мэт санаж Өрнөдийн орнууд алдсан. Дотоодынхоос эл мөргөлдөөн бүс нутгийн, дараа нь дэлхийн болж түргэн өргөжин тэлж, уршгийг нь Европ ч амсахад хүрснийг Москва, Дамаск, Вашингтонд ажилласан дипломатч үзэж байна.

Сирийн мөргөлдөөн нь Европт нүүрлэсэн эргэлт буцалтгүй үйл явц болон үйл явдлын хурдасгуур болсон. Тухайлбал, Европын хотуудад “Исламын улс” бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүдийн террорист ажиллагаа, сүүлийн 70 жил байгаагүй хүмүүнлэгийн хямрал, дүрвэгсдийн цуваа, улмаар цагаач, дүрвэгсдийн эсрэг үзэл газар авч, популист болон хэт барууны намууд дэмжсэнийг нэрлэж болох юм.

“Путин тэргүүтэй шинэ дарангуйлагч удирдагчдын үе иржээ” гэж дипломатч номдоо тэмдэглээд, төрийн эрхэнд барууны улстөрчид тухайлбал, Унгарт Виктор Орбан, Польшид Ярослав Качиньский, Италид Маттео Сальвини нарын Путиний нөхөд гарсныг онцолсон байна.

НАЙРАМДАХАД ДАСАЖ, ДАЙНААС ЗАЛХЖЭЭ

Урьдын мөргөлдөөнүүдээс залхаж, эрсдэлээс зайлсхийх, шийдэгдэхгүй бас нэг хямрал үүсгэхгүй байх хүсэл нь Европ, АНУ-ыг тодорхой хугацаагаар зай барих гол шалтгаан болсон аж. Энэ нь эндүүрэл болсон гэж Мишель Дюк үзжээ. Афганистаны можахедуудын тухай бодсон европчууд аядуу сөрөг хүчнийхэнд туслах гэж яарсангүй. Тэгэхэд илүү хэт үзэлтэй бүлэглэлүүдийг Катар, Турк, Саудын Араб дэмжжээ.

“Сирийн дайн Өрнөдийн хувьд тохиромжгүй цагт эхэлсэн. Европ ч, АНУ ч Афганистаных шиг байдал давтагдах, шинэ Ирак болон Ливи бий болохыг хүсээгүй” хэмээн дипломатч ВВС-д өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна. Чухам эл дайнаас залхсан байдал нь 2013 оны наймдугаар сард Барак Обамагийн Засгийн газар Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийг дэмжих боломж олгоогүй. Үүнийг хэдэн жилийн дараа Путин ашиглаж чадсан гэнэ.

Европ саад болохгүйг ойлгосон ОХУ 2015 онд Асадыг дэмжин мөргөлдөөнд оролцсон. Өрнөдийн эсрэг оноотой болох, Ливийн өшөөг авах боломжийг Сириэс Путин харжээ.

ХӨНДЛӨНГИЙН ОРОЛЦОО ХЭДИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГ ВЭ

“Сирийн урт шөнө” номдоо Дюкло хөндлөнгийн мөргөлдөөнд ямар нөхцөлд оролцох нь хууль зөрчсөнд тооцогддоггүй вэ гэсэн асуулт тавьжээ. “Өрнөдийн ертөнцийн тодорхой үнэт зүйлсийг бид хэвээр хадгалъя гэвэл хамгийн үнэт зүйлстэй зөрчилдөх байсан ч зарим тохиолдолд хүч хэрэглэх чадвартай байх ёстойг би номдоо маш болгоомжтой, эрс сөргүүлсэн байдлаас зайлсхийж бичсэн” гэж Францын дипломатч тэмдэглэв.

Сири нь Өрнөдийн орнуудын үнэт зүйлсийн сүйрлийн бэлгэ тэмдэг, ирээдүй хойчийнхны хувьд аюултай жишээ болжээ. “Дарангуйлагч дэглэмүүд мөөг шиг олширч буй шинэ ертөнцөд тэд Асад шиг хөдөлбөл тэднийг хэн сөрж чадах билээ” Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх бодлогынхоо төлөө Өрнөд өндөр үнэ төлөхөд хүрсэн. Сирийн мөргөлдөөн эцсийн дүнд Европын нийгэмд барууны чиг баримжаа газар авч, хүний эрхэд хандах хандлага, дайн явуулах талаар Өрнөдөд тогтсон хэм хэмжээ сүйдэхэд хүргэснийг Дамаскт Элчин сайдаар ажиллаж байсан М.Дюкло үзэж байна. Хориотой зэвсэг хэрэглэх, эрүү шүүлтийг аж үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэх, энгийн номхон иргэдийг бөмбөгдөх нь ердийн үзэл болж, хүний эрхийн тухай хэн ч дурсахаа байсныг тэрбээр бичжээ.

ЦААШИД ЮУ БОЛОХ БОЛ

Өдгөө Асад Сирийн нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг хяналтдаа авсан байгаа ч ирээдүйн мөргөлдөөн түүний гарт биш. Сирийн мөргөлдөөний гол ялагчаар Дюкло Путинийг нэрлэж байгаа ч түүний ард хэд хэдэн тоглогч бийг тайлбарлажээ.

Сирийн мөргөлдөөнд гадаадын хүчнүүдийн оролцоог Дюкло хуваагаад, Путин 40, Иран 30, үлдсэн 30 хувь нь Турк, Израил, АНУ болон олны анхаарал бага татдаг бусад улсад оногдоно гэж үзсэн байна. “Путин хүссэнээр Сирид энх тайван маргааш тогтохгүй. Сирийн талаар улс төрийн хэлэлцээр байгуулаагүй цагт юу ч хийх боломжгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Сирийн эрх баригчид Оросын нисэх хүчний хамт Идлиб дэх 50 мянга гаруй босогчтой тулалдсаар буй. Эл бүс нутаг дахь Орос, Сирийн эрх баригчдын ашиг сонирхол курдүүд аж төрдөг хил орчмын газар нутгийг хяналтдаа авахыг хүсдэг Туркийн зорилготой зөрдөг.

Америкчууд Сириэс цэргээ гаргасан нь алдаа байсныг ойлгож эхэлж байна. Туркчүүдийн эсэргүүцэн тэмцдэг Курдийн хүчнийг Сирийн хойд нутаг дахь Америкийн цөөн тооны цэрэг дэмждэг. “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхээр АНУ-тай хамтарсан “Сирийн ардчилсан хүчнүүд”-ийн эвсэл дэх Сирийн босогчдын бүрэлдэхүүнд багтдаг курдууд Сирийн нефть, хийгээр баян зүүн нутагт бий.

Сирийн мөргөлдөөн геополитикийн унтраагүй галт уул хэвээр буй. Туркийн нөлөөний бүс болох Сирийн хил орчмын бүс нутаг, АНУ-ын дэмждэг босогчдын хяналтад байдаг зүүн хойд нутгийн тогтворгүй байдал цаашид ч хэвээр хадгалагдаж, үүн дээр Сирийн ирээдүйн талаарх Орос, Турк, Иран хоорондын санал зөрөлдөөн нэмэгдэж магадгүй. “Ирантай байгуулсан холбоо нь давуу байдал олгож байна гэж одоогоор Орос улс бодож байна. Гэсэн ч тус улс бидний гайхлыг дахин төрүүлж мэднэ” гэж Францын дипломатч номдоо тэмдэглэжээ.

Өрнөдийн орнууд урьдын адил энхийн хэлэлцээний урьдчилсан нөхцөл болгож Асадыг огцрохыг шаардаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирийн талаарх тогтоолд хориг тавин, тогтоол гаргуулахгүй байгаа Оростой ярилцах үүдээ хаасныг Дюкло бичсэн байна. Асадын Ерөнхийлөгчийн хугацаа дуусах 2021 онд Сирийн мөргөлдөөнд оролцогчид эрх баригч дэглэмийг хүчээр түлхэн унагах арга хэрэглэлгүйгээр тус улсын ирээдүйн удирдагчийн талаар тохиролцоонд хүрч чадах болов уу гэж дипломатч Мишель Дюкло лавлаад, одооноос эл асуудлыг Путинтэй ярилцах хэрэгтэй гэжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээллээс үзвэл Сириэс хил даван дүрвэсэн бүртгэлтэй иргэдийн тоо 5.6 сая байгаа бол дотооддоо зургаан сая хүн шилжин суурьшсан байна. Дайнаас өмнө тус улсын хүн ам 22 сая байсан бөгөөд дайны улмаас тэдний талаас илүү хувь нь дотооддоо болон хил давсан дүрвэгч болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)