С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүстэй УИХ-ын гишүүд уулзлаа

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр Цагдан хорих 429, Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ажиллаж, Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ “Ирэх долоо хоногт Женевт болох Олон улсын парламентын холбооны 138 дугаар чуулганд оролцоно. ОУПХ-ны Хүний эрхийн салбар хорооноос энэ удаа С.Зоригийн хэргийн талаар тогтоол гаргана. Хэргийг илрүүлж, буруутай гэх хүмүүст ял оноосон ч гэлээ араасаа олон эргэлзээ дагуулж байгаа тул бодит мэдээлэл өгөхөөр судалж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Гэтэл захиалгат аллага хэмээх зүйл ангиар гурван хүн хоригдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны үед ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчийн талд шийдвэр гаргана гэдэг үндсэн зарчим зөрчигдөөд байна. Иймд хэргийн материалуудын ил болсон хэсгийг Хүний эрхийн хороон дээрээ ярилцана. Улсын Их Хурал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. УИХ хууль батлахаас гадна баталсан хуулиа хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Хэрэв зөрчигдсөн бол бид хамгаална” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүд яллагдагч нар болон тэдний ар гэрийнхний гаргасан гомдол саналууд дээр үндэслэн санал дүгнэлтээ нэгтгээд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон Хуульзүйн байнгын хороо, Хуульзүй, дотоод хэргийн яаманд танилцуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)