“С.Зоригийн” гэх хэргийг шалгаж дууссан гэв үү

Хууль хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй хэд хэдэн эх сурвалж “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн” хэмээн мэдээллээ. Түүгээр зогсохгүй талийгаачийн эхнэр Д.Булганыг гэмт хэргийг үл мэдээлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан цагдан хорьж байгаа. Удахгүй хэрэг шүүхэд шилжих байх гэсэн юм.

Албаны хүмүүс уг мэдээллийг батлаагүй ч, бас үгүйсгэсэнгүй. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан бөгөөд түүнээс хойш 17 жил өнгөрөхөд гэмт этгээдийг илрүүлж чадаагүй. Харин өнгөрсөн намар, өвлөөр уг хэргийг шалгах ажлын хэрэг ажлаа эрчимжүүлж, орон нутгаас хоёр малчин эрийг авчран шалган, улмаар талийгаачийн эхнэр Д.Булганыг 2015 оны арваннэгдүгээр сарын 14-нд цагдан хорьсон билээ.

Энэ хэргийг илрүүлсэн гэх мэдээллийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө зарлахаар төлөвлөж байсан ч хэргийг бүрдэл бүрэн гүйцэд хангагдаагүй гээд хойшлуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжуудын өгч буй мэдээлэл хэрэв үнэний ортой бол илрүүлэхийг нь олон жил хүсэн хүлээж байсан дуулиант хэрэг нэг тийш болох нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)