С.Е.Донской: ТӨМӨР ЗАМЫГ АШИГТ МАЛТМАЛЫН ТОМООХОН ОРДЫГ ТҮШИГЛЭН ХӨГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

  Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш Улаанбаатарт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойтой уулзан зарим зүйлийг тодрууллаа.

-Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар талууд тодорхой ямар асуудлыг шийдвэрлэж, тохиролцоонд хүрэх бол?

-Энэ хуралдаанаар хоёр тал гаалийн хамтын ажиллагаа, байгаль орчин, Монголоос ОХУ-д экспортолж буй бүтээгдэхүүнийг нэмэх, бүх төрлийн тээврийг хөгжүүлэх зэрэг нэлээд өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэнэ. Өчигдөр, өнөөдрийн тухайд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын дарга нар дээрх асуудлаар болон бүх төрлийн тээврийг хөгжүүлэх, Монгол Улсын дамжуулан тээвэрлэх бололцоог ашиглах, хийн хоолойн талаар урьдчилан ярилцлаа. Маргааш болох хуралдаанд Ажлын хэсгүүд оролцож, тодорхой асуудлуудаа хэлэлцэнэ.

-Төмөр замын талаар ОХУ-ын талын тавьж байгаа санал юу вэ. Энэ тал дээр ямар байр суурь барьж байгаа бол?

-ОХУ төмөр замын талаар Монгол Улстай хамтран ажиллана. Бид Монголын төмөр замыг хөгжүүлэх, ингэхдээ төмөр замын шинэ чиглэлийг бий болгох, орчин үеийн мэдээлэл, харилцаа холбоо бүхий систем нэвтрүүлж, ашиглах, мөн төмөр замыг Монгол дахь ашигт малтмалын томоохон орд газрууд руу хөгжүүлэх асуудлыг манай тал сонирхож байна. Үүнээс гадна УБТЗ-ын шинэчлэл, Монгол Улсын дамжуулан өнгөрөх тээвэрлэлтийн бололцоог аль болох бүрэн дүүрэн ашиглах асуудлыг хэлэлцэх сонирхолтой байгаа.

-ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойн төс өл хэрэгжих гэж байна. Энэ шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэх боломж бий юү. Энэ талаар ОХУ ямар байр суурь барьж байна вэ?

-Хийн хоолойн төслийн талаар ОХУ өмнө нь нэг биш удаа байр сууриа илэрхийлсэн. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан өнгөрүүлэх асуудлыг хамгийн түрүүнд ОХУ-ын “Газпром” корпорац болон энэ төслийг БНХАУ-ын талаас хэрэгжүүлэх үндэсний корпорацынхантай ярилцах хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэгч талууд үндэслэл бүхий шийдвэрээ эхлээд өөрсдийн түвшинд бэлтгэх ёстой. Үүний дараа бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ би үүнийг хэрэгжих боломжтой асуудлын нэг гэж үзэж байна. Яагаад гэвэл ямар нэгэн том төслийг нэг биш хэд хэдэн хувилбараар тооцон, хамгийн үр ашигтайг нь сонгож хэрэгжүүлэх нь үр дүнтэй.

-Комиссын хуралдаанаар байгаль орчны асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулж асууя. Манай Засгийн газар Эгийн гол болон Шүрэнд УЦС барих ажлыг эхлүүлсэн байгаа. Энэ төслийг ОХУ-ын тал хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-ОХУ-ын тал энэ асуудлыг үргэлжл үүлэн ярих сонирхолтой байгаа. Яагаад гэвэл Эгийн гол болон Шүрэнгийн УЦС нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн цогцолбор газар, Байгаль нуурт нөлөөлнө. Тиймээс бид энэ асуудлыг дахин ярих болно. Гэхдээ мэдээж эхний ээлжинд мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийсэн байх ёстой. Бид тэрхүү шинжилгээг үндэслэж, асуудлыг өөр ямар хувилбараар зохицуулж болох вэ гэдэг талаас нь үргэлжлүүлэн ярих болно.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас Монгол Улс ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, халдваргүй бүс нутгаас хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, ингэхдээ махыг гулууз хэлбэрээр биш бүтээгдэхүүн үйлдвэрлэж, лаазалсан мах болон хиамыг Оросын төв хэсэгт биш юм гэхэд Сибир лүү гаргах, гаалийн татварыг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа талаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва ярьж байна.

Д.ОТГОО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)