С.БЯМБАЦОГТ: СӨРДӨГ БИШ БҮТЭЭЛЧ БҮЛЭГ БАЙЛГАХЫН ТУЛД БҮХНИЙГ ХИЙНЭ

 УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогтыг сонголоо. Бүлгийн дарга Н.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир намын Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдаж, бүлгийн даргад С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэн, бүлгийн хуралдаанд оруулахад 25 гишүүнээс 16 нь С.Бямбацогтыг дэмжсэн байна. Бүлгийн дэд даргын алба хашиж байсан түүний оронд хэн ажиллахыг намын дүрэмд заасны дагуу өрсөлдөөний зарчмаар сонгох аж. МАН-ын бүлгийн шинэхэн даргатай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Сөрөг хүчин буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг амар ажил биш. Хариуцлагатай, санаачилгатай, идэвх зүтгэл, чармайлт гаргаж хийх ёстой ажил. Дарга гэхээсээ илүүтэй зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачилгатай ажиллах ёстой гэсэн шаардлагыг намын гишүүд, ард иргэд тавьж байсан. Тиймээс бидэнд хийх ажил их бий. Сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагаанд тулгуурлаж 2016 оны сонгуульд оролцоно. Ирэх сонгуулийн үр дүн, МАН-ын ялалт бүлгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс бүлгийн 26 гишүүн маань үүнд манлайлж ажиллах ёстой.

-Бүлгийн гишүүдийн зүгээс танд онцгойлон хэлж, захисан зүйл байна уу?

-Бүлгийн даргад Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдсөн. Бид хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Миний хувьд бүлгийн дэд даргаар ажиллаж ирлээ. Гишүүдэд бидний талаар асууж тодруулах зүйл харьцангуй бага байлаа.

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таны санаачилсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Танай намаас дэвшүүлэн тавьж буй үндэсний зөвшилцөлд хүрэх алхмыг үүгээр тавилаа гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр Монголын төр бодлогогүй байна. Бодлогогүй байгаагийн харгайгаар улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрлээ. Тийм учраас бид харилцан ойлголцож, зөвшилцд өг байвал бодлого тогтвортой, тодорхой болох юм. Олонх нь хүч түрсэн байдлаар төрийн бодлогыг тодорхойлбол цөөнх нь олонх болсон үедээ өмнөх бодлогыг өөрчилдөг байдлаар 20 гаруй жил явж ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд бид ойлголцож зөвшилцөж ажиллах ёстой.

-Цаашдаа хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой бодлогын түвшинд шийдэх ёстой асуудалд бүлгийн зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байгааг хаа сайгүй ярьж, шүүмжилж байна. Цаашдаа бид Засгийн газрын хариуцлага тооцох асуудалд анхаарч ажиллана. УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хуулиуд дээр анхаарах зүйлүүд бий. УИХ-ын нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна. Олонхид олонх шиг бай, ард түмний өгсөн итгэлийг дааж ажилла гэдэг шаардлагыг тавьж ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)