С.Бямбацогт: Зугталгүйгээр асуудлаа шийдмээр байна

 - Н.Батбаярын асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа -

 УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг шийдэх байв. Гэвч АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрсэн, мөн “Гудамж” төсөлтэй холбогдуулан Хөгжлийн банкныхныг АТГ-аас шалгаж эхэлсэн зэрэг хэд хэдэн асуудал зэрэгцсэн учраас завсарлага авч байна” гэсэн юм. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн 26 гишүүн оруулаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Монгол Улсын эдийн засагт “нар гаргах” шаардлагатай байна. Ард түмэн ядуурч, бизнес эрхлэгчид дампуурч, гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Энэ бүхэнд салбар хариуцсан сайд хариуцлага хүлээх ёстой. Харамсалтай нь эрх баригч намын Бүлэг сарын турш асуудлыг хойшлууллаа. Уг нь асуудлаас зугтаахын оронд барьж аваад тал талаас нь ярилцаж, зөв шийдэл гаргах ёстой. Зугтлаа гээд эдийн засаг, иргэдийн амьдрал сайжрахгүй. Мөн АН-ын мөрийн хөтөлбөрт “Даргын шийдвэрийг биш, төрийн хуулийг хэрэгжүүлдэг тогтолцоо бий болгоно” гэж заасан. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээр байна. ОУВС, Дэлхийн банкныхантай Засгийн газар хамтраад өчигдөр манай улсын макро эдийн засгийн байдлаар хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр тэдний өгсөн зөвлөмж бидний тавьдаг шаардлагатай нийцэж байна лээ. Тиймээс эрх баригчид зөв бодлого явуулж, иргэдээ ажилтай, орлоготой болгох бодлогоо хурдан хэрэгжүүлээсэй.

-Завсарлага авсан үндэслэлийн талаар юу гэж хэлэх вэ?

-Хууль хэрэгжүүлэхэд алдаа гарсан байж болно, хуулийн байгууллага шалгах байх. Гэхдээ энэ нь завсарлага авах хэмжээний том асуудал байгаагүй.

 

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)