С.Буяндалай бус бүгдэд нь хамаатай

 ИНЕГ-ын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Т.Лхагвасүрэнг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад удаагүй байна. Т.Лхагвасүрэн нь 2001 оноос ИНЕГ-т ажиллаж байгаа, нисэхийн өндөр түвшний мэргэжилтэн болохыг холбогдох албан тушаалтнууд онцолж буй. ИНЕГ-т хийсэн эл томилгоо тэнд ажиллагсад төдийгүй хөндлөнгөөс ажиглаж буй жирийн иргэдийн хувьд хүлээлт үүсгэж, найдвар төрүүлэхүйц шийдвэр болсныг хэлэх хүн олон байна. Учир нь эл байдал ганц С.Буяндалай ба ИНЕГ-т хамаатай юм биш. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа, шийдвэр нь хамт олны шүүмжлэлээс хальж, нийгэмд хардлага төрүүлэх болсон төрийн аливаа албан тушаалтанд шинэчлэлийн Засгийн газар тал тохой таталгүй, халгаатай хандаж чадаж байгаагийн нэгээхэн илрэл гэж олон нийт талархаж байгаа юм.

Тухайлбал, үүнээс өмнө албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарт хариуцлага тооцож цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж “Төрд тодорхой хэмжээгээр хүнд суртал байх ёстой” гэж хэлснийхээ төлөө олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээж, үүнийхээ төлөө албан ёсоор уучлалт гуйсан ч Засгийн газраас хариуцлага тооцсон нь энэ. Уг нь хийсэн алдаа, хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө зохих ёсны шийтгэл, хариуцлага хүлээх нь хачин жигтэй зүйл биш. Гэвч манай нийгэмд нам, нутаг ус, ураг төрөл, найз нөхдийн холбоонд дулдуйдан аль нэг албан тушаалд хадаж, сэтэрлэчихсэн юм шиг “мөнхөрдөг” гаж үзэгдэл сүүлийн үед ил цагаандаа гарсан нь нууц биш.


Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)