С.Батчимэг: Бид энэ дууриа удахгүй Москвад тоглоно

Оросын холбооны Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн шинэ улирлаа нээгээд удаагүй байгаа энэ сарын 3-ны үдэш Ж.Вердийн “Бал маскарад” дуурийг хоёр дахиа үзэгчдэд хүргэлээ. Мариинский театрын Ю.К.Лаптевын найруулсан уг дуурийн гол дүр Амелияд Монголын дуурийн дуучин С.Батчимэг тоглосон бол Амелиягийн нөхөр Анкастремын дүрийг тус театрын гоцлол дуучин, Монгол Улсын болон Буриадын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар бүтээжээ.

Театрын шинэ улирлын нээлтийн тоглолтод үзэгчид танхим дүүрэн цуглаж, Монголын дуучид гол дүрүүдийг нь бүтээсэн “Багт наадам”-ыг шимтэн сонссон мэдээллийн дагуу гоцлол дуучин С.Батчимэгтэй холбогдож товч ярилцсан юм.

-Уран бүтээлийн шинэ улирлын нээлтэд зориулсан дуурийн гол дүрд тоглосонд баяр хүргэе. Энэ таны Улаан-Үдийн театрт бүтээсэн хэд дэх дүр вэ?

-Баярлалаа. Тав дахь дүр.

-Ж.Вердийн энэ дуурийг манай улсын Дуурийн театр тавиагүй санагдана. “Багт наадам” гоё бүтээл юм уу?

-Их гоё юм аа. Ер нь Ж.Вердийн дуурь болгон гоё байдаг ч “Багт наадам”-д бүр дурлачихлаа. Удахгүй манай театр бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ бүтээлээ Москвад тоглох юм.

-Амелиягийн нөхөр Анкастремд Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тоглосон байна. Та хоёр аваа, өгөө сайтай, сайхан ойлголцож тоглосон байх.

-Тэгсэн. Амелиягийн нөхөр Анкастрем сайн найзтайгаа эхнэрээ хий хоосон хардаж сэрдсэнээс болж бөөн будлиан үүсдэг тухай үйл явдалтай. Үнэн хэрэгтээ найз нь Амелияд сэтгэлтэй, бүсгүй тэр залууг бодож явдаг ч амьдрал дээр юу ч болоогүй байхад Анкастрем асуудал үүсгэдэг юм. Эцэст нь тэр үнэнч нөхрийнхөө амийг хороож, Амелия сэтгэлтэй хархүүгээ үхэж байгааг харж гашуудаж байгаагаар хөшиг хаагддаг. Ийм уянгын, эмгэнэлтэй дуурь.

-Үзэж байгаагүй дуурийг нүдэнд харагдтал ярьж өглөө. Үзэгчдийн дунд байсан мэт боллоо. Та дүрдээ маш сайн орсон бололтой.

-Үзсэн хүмүүс үйл явдалд автаад, кино үзсэн юм шиг боллоо гэж хэлсэн. Би илүү хичээх болно. Амелия, Анкастрем хоёр дундаа нэг хүүтэй. Түүнд нь миний охин тоглодог юм.

-Манайхан жинхэнээсээ “байлдан дагуулжээ”.

-Гоё байсан. Үзэгчид сэтгэл маш хангалуун байлаа. Үүнд л их баяртай байна.

-Түрүү жил танай театрынхан Москвагийн Их театрт тоглоход бүх тоглолтын тасалбар урьдчилан дууссан. Энэ удаагийн аялан тоглолт түүн шиг эрэлттэй байх болов уу.

-Би ч бас тэгж бодож байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)