С.АЯАНА: МИНИЙ НЭР “МАНАЙ АЯЛГУУ” КИНОТОЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Италид амьдардаг, дуурийн дуучин монгол бүсгүй Самбуугийн Аяанатай цахим шуудангаар холбогдлоо. Тэрбээр Монголын кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван баримтат киногоороо эх орныхоо түүхийг бичсэн найруулагч Цэвээний Зандраагийн ач охин билээ. Урлагийнхны гэр бүлд өсөж торнисон энэ бүсгүй Англи дууны уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох замналаа эхлүүлсэн бол өдгөө Итали улсад уран бүтээлээ туурвиж байна.

-Таны бичлэгүүдийг “youtube”-ээр үзлээ. Үнэхээр сайхан дуулдаг юм байна. “Үнсгэлжин” дуурийг Итали, Монголын тайзнаа нэгэн зэрэг тоглуулах төсөл эхлүүлснийг тань дуулаад холбогдож байгаа юм. 2002 онд таныг манай сонинд ярилцлага өгч байсныг сая л мэдлээ.

-Баярлалаа. Юуны өмнө “Өнөөдөр” сонины хамт олонд талархал илэрхийлье. Тэр ярилцлагаас гадна 2008 онд миний тоглолтын тухай мэдээллийг нийтэлж байсан юм

-Таны нэр анхаарал татмаар сонирхолтой юм. Ямар учиртай вэ?

-Миний өвөө бол Монголын киноны анхны мэргэжлийн кино найруулагч Цэвээний Зандраа. Кино найруулахаас гадна зохиолоо бичиж, шүлэг зохиоход цаг гаргадаг нэгэн байлаа. Манай өвөө дуучин хүнийг кино жүжигчин болгож “Манай аялгуу” кино бүтээсэн нь орчин үеийн ойлголтоор бол бараг видео клип юм даа. Нөгөөтэйгүүр дуучдыг олон нийтэд танилцуулах бүтээл болсон юм. Миний нэр энэ кинотой салшгүй холбоотой. Намайг төрөхөд өвөө минь “Манай аялгуу” киногоо орос хэл рүү хөрвүүлэхээр ЗХУ-ын кино студид ажиллаж байсан юм билээ. Аялгуу гэдэг үгтэй нь холбоотой нэр өгнө гэж шийдээд Аяана гэж нэрлэжээ. 

-Төрөхөд нь л дуучин болохыг бэлгэшээсэн бололтой.

-Багадаа Маргарита Николаевна Григориевагийн шавь болж ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх хөгжмийн сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөж байлаа. Манай гэр нэгдүгээр дөчин мянгатад, багшийнхтай хөрш байсан болохоор манай хоёр гэр бүл хөрш гэхээс илүүтэй нэг айл шиг найрсаг амьдардаг байлаа. Григориева багшийн нөхөр нь гавьяат жүжигчин Д.Банди агсан шүү дээ.

Ер нь нэгдүгээр дөчин мянгатыг Москвагийн Арабатын гудамжтай жишиж болох юм. Манай улсын сор болсон хүмүүс тэнд амьдардаг байлаа. Тиймдээ ч би сонгодог урлагт дурлаж, амьдралын замаа сонгосон. Хүн гэнэтхэн шийдээд л сайн дуучин болчихгүй нь ойлгомжтой. Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ тээж явсаар 1997 онд англи дууны уралдаанд түрүүлж, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн нь миний анхны амжилт байв. Залуухан охиныг тэр шагнал өөртөө итгэлтэй болгосон.

Миний өвөө намайг маш их дэмждэг байсан учраас ардын жүжигчин Г.Хайдав багшид шавь оруулсан. Гадаад хэлний дээд сургуулийг 1997 онд төгсөнгүүтээ СУИС-д элсэн суралцсан. Нийгэм цаг үе хэцүү байсан ч гэлээ оюутан насны минь дурсамж хамгийн сайхан нь. Бид ангиараа, төгсөлтөөрөө их эвтэй найрсаг байж, маш олон тоглолтод идэвхитэй оролцдог байсан. Тиймдээ ч тухайн үедээ өөрийн гэсэн амжилттай, байр суурьтай болж, намайг мэддэг үзэгчтэй болсон байх. Дуурийг жааз урсгалтай хослуулан “Кармен” видео клипийг “Why not” продакшнтай хамтран хийж байлаа. Хэд хэдэн удаа тайлан тоглолт хийсэн.

-Хэзээ Итали улсыг зорив?

-Италид 2003 онд ирж, алдарт дуучин Паоло Монтарсологийн шавь болсон нь азтай, нөгөөтэйгүүр манай гэр бүлийн соёл, хүмүүжлийн илэрхийлэл болсон үйл явдал юм. Дуучин хүний хувьд энэ маань дахин төрсөнтэй ялгаагүй санагдсан. Италид ирээд мэргэжлийн ур чадвараас гадна хүн хоорондын харилцаанаас олон зүйл сурч, мэдсэн. Миний багш Монтарсоло бол “Ла Скала”, “Метрополитан”, “Ковен гарден”, Парисын дуурийн театр зэрэг дэлхийн шилдэг театрт дуулж байсан басс хоолойтон хүн.

Энд гурван жил суралцаж Гена Дмитрова, Рената, Скотто, Луиги Алва, Клаудио Бесдери, Тереза Берганза нарын алдартны өмнө дуулж, тэднээр “Браво” хэмээн хэлүүлж байсан. Бас алдартай олон төгөлдөр хуурчтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Одоо би Олон улсын дуурийн студид ажиллаж, зуны сургалт явуулдаг. Дуучин бас багш болсон. Итали шавь нартаа тайзны урлаг, дуулах техник, итали хэлний дуудлага заадаг.

-Монгол дуучдыг урьж гала тоглолт хийлээ. Ирэх жил Монгол болон Италид “Үнсгэлжин” дуурь тоглуулах төлөвл өгөөтэй байгаа гэсэн. Энэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энд ирснээсээ хойш би Итали дуучдаас гадна БНСУ, Япон, Орос, Украин, Молдав, Грек, Турк, Испани, Герман, Франц, Израил, Америк, Австрали, Хятадын дуучидтай хамтран ажиллаж үзлээ. Хоолойг нь сонсоод л хаанахын дуучин гэдгийг нь хэлж чадахаар болсон. Италид мэргэжлээрээ суралцахаар мянга мянган дуучин ирдэг ч, тэднээс Орос болон БНСУ-ын дуучид ялгардаг. Би монгол хүн учраас энд бас нутаг нэгтнүүдээ ирүүлэхийг хүссэн. Хамтран ажилладаг хүмүүстээ энэ тухай хэлэхэд “Болохгүй зүйлгүй” гэсэн.

Итали орны талаар манайхан бага мэдээлэлтэй байдаг болов уу. Харин италичууд бидний талаар бүр ч бага мэддэг. Монгол гэдэг улс хаана байдгийг ч мэдэхгүй хүн олон. Сүүлийн жилүүдэд монголчууд маань салбар бүрт амжилт гаргаж эхлээд байгаад нь баяртай байна. Зөвхөн Монголоос биш Орос, Испани мөн Америк, Английн дуучид, төгөлдөр хуурчдад зориулсан сургалт явуулж, ирэх жил бүтэн дуурь тайзнаа тавихаар зорьж байна. Энэ жил монгол дуучид анх удаа сургалтад амжилттай оролцлоо.

-Дуучдаа ямар шалгуураар сонгосон бэ. ДБЭТ болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаггүй хүмүүсийг урьсан байсан.

-Сонгодог урлаг аливаа театр, урлагийн байгууллагын өмч биш. Бас улс төрийн бодлогод ч захирагдахгүй. Бид “Viviamol’Arte” урлагийн зуны сургалтын зарлалыг жил бүр түгээж, шаардлагад тэнцсэн хүмүүсээс шалгалт авч элсүүлдэг. Дуучин, төгөлдөр хуурч мэргэжлээр их, дээд сургууль төгсөж, эрдмийн зэрэг хамгаалсан, эсвэл олон улсын уралдаанд түрүүлсэн хүмүүс бичлэгээ илгээх учиртай.

Мөн гадаадад суралцаж байсан хүмүүсээс түлхүү сонгосон. Тухайлбал, дуучин Ж.Чингис Болгарын Софи болон ОХУ-ын Свердловск хотод хоёр ч консерватори, Америкийн урлагийн хоёр дээд сургууль төгссөн. Илгээсэн бичлэг нь бидэнд маш их таалагдсан учраас урьсан юм.

Э.Очирсайхан бол ирээдүйтэй залуу дуучин. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй, сайн хүмүүжилтэй хүү. Дуучин Б.Мягмарсүрэн одоо ч мэргэжлээрээ Парист сурсаар байна. Өнгөрсөн сарын 19-нд болсон тоглолтын үеэр монгол дуучдын хоолой дэлхийд үнэлэгдэх чадалтайг нотолсон. Зөвхөн Монголд биш, гадаадын театрт дуулах боломжтойг ойлгуулсан. Төрийн бодлогоор сонгодог урлагаа хангалттай дэмжихгүй байгаа ч уран бүтээлчид маань бууж өгөхгүй тэмцсээр, урлагийн төлөө зүтгэсээр явааг нь хараад бахархахаас өөр яах билээ.

-Та дуурийн дуучдаас хэнийг сонсох дуртай вэ?

-Мариа Калласыг сонсох маш их дуртай. Тереза Берганза, Мерилин Хорн, Анита Черкуэтти, эрэгтэй дуучдаас Жузеппе Стефано болон хайртай багш Паоло Монтарсолог сонсох дуртай. Маш олон авьяаслаг дуучин хорвоогоор дүүрэн байгаа учраас зөвхөн энэ, тэр гэж хязгаарлаж болохгүй байх. Тухайлбал, дэлхийд алдартай, залуу дуучин Ирина Лунгу, манай студитэй хамтран ажилладаг Жанни Баваглио, Пиетро Спаноли болон монгол дуучдаас Ө.Уянга таалагддаг. Бас манай ангийн Амраа, Өнөрөө нарын байгуулсан “Нюанс” хамтлагийг сонсох сайхан байдаг. А.Моцарт, А.Вивальди, Н.Паганинийг бараг өдөр бүр сонсдог. Гэхдээ бусад хөгжмийн зохиолчийг анхааралтай сонсож, дүгнэлт хийдэг.

-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдагг үй ч хийх, хүрэх хэмжээтэйгээ уялдуулж мөрөөдөхгүй бол хоосон хийрхэгч болох байх. Тэгвэл одоо та өөрийнхөө байгаа түвшин, хийж бүтээж чадах хэмжээгээ хэр их гэж төсөөлж байгаа вэ?

-Шагнал, тэмдэг, цол хөөцөлддөггүй. Байгаа бүх мөнгөө боловсролдоо зориулсаар ирсэн л хүн. Гурван ч дээд сургуулийн дипломтой. Хамгийн сүүлд Италид дууны урлагийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалж багш болсон. Мастер класс сургалтын 10 дипломтой.

Тэр дунд богино хэмжээний дуурийн найруулагчийн диплом бий. Гадаад хэл сурах нь ертөнцийг өөртөө нээх том боломж учраас сурсаар л яваа. Таван орны хэл мэднэ. Бас олон улсын хэд хэдэн сонсголд оролцож бусдаасаа хамгийн өндөр оноо авч байсан. Ингээд л амьдраад байна.

-Та гадаад хүмүүст Монголынхоо тухай танилцуулахдаа хамгийн түрүүн юун тухай ярьдаг вэ?

-Монголчуудын өгөөмөр сэтгэл болон шүлэг яруу найрагт дурладаг тухай ярьдаг. Сонгодог урлагийн өнөөгийн байдал, шашны тухай, Улаанбаатар хотод байдаг музей, хийдүүд гээд ярих зүйл бишгүй их.

Монголд амьдарч байсан үеийн минь тухай хүмүүс маш их сонирхож асуудаг болохоор тэр тухай өгүүллэг бичдэг болсон. Тухайлбал, энэ зун Миланд болсон “World expo 2015”-ын “We woman” төслийн хүрээнд “Шинэ жил” өгүүллэг минь хэвлэгдсэн. Энэ төсөлд дэлхийн 100 орны 104 эмэгтэй зохиолч оролцсоноос миний өгүүллэг шилдэг 10 бүтээлийн нэгээр тодорсонд баяртай байгаа. Хүмүүс надаас “Хот хөдөө хоёрын ялгаа юу вэ” гэж асуухад нь “Та нар өөрсдөө очиж үзээрэй” гэж хариулдаг юм.

-Хэрэв та хэн нэгнээс тусламж хүсэх хэрэгтэй бол хамгийн түрүүнд хэнд ханддаг вэ?

-Дөрвөн хүн бий. Миний дүү Алтан, манай нөхөр Марко, хадам ээж, гэр бүлийн минь дотно найз Брижит Куммингс.

-Та Монголын үзэгчид, уран бүтээлчдээс хүсэх зүйл байна уу?

-Гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүстэйгээ холбоотой байгаасай. Бидний талаарх ойлголтоо өөрчилж, тэр хүмүүс Монголын соёлыг хамгийн түрүүнд экспортолж байгааг ухаараасай. Энэ нь хэтдээ эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлөх боломжтой шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)