Саудын Араб газрын тосноос хамааралтай эдийн засгаа төрөлжүүлнэ

газрын тос

Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани энэ онд багтан IPO (олон нийтэд хувьцаагаа арилжих) хийн, хувьцааныхаа нэг хувийг дотоодын зах зээлд борлуулж багаар бодоход 20 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буй. Ирэх жил хувьцааныхаа дахин нэг хувийг борлуулахаар зэхэж буй бөгөөд үүний тулд дотоодынх нь болон гадаадын банк санхүүгийн 20 орчим байгууллага ажиллаж байгаа гэнэ. Ер нь тэд хувьцааныхаа таван хувийг арилжин, 100 орчим тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү зорилгоо биелүүлж чадвал олон улсын зах зээлээс хамгийн өндөр дүнтэй хөрөнгө босгосон компани болох учиртай. “Alibaba” Нью-Йоркийн хөрөнгийн биржид 2014 онд IPO хийн, 25 тэрбум ам.доллар босгосон амжилтыг одоогоор эвдээгүй байгаа билээ.

Нефтийн хамгийн том экспортлогч тодотголтой Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман дээрх компанийн IPO-д анхаарч буй агаад улсынхаа эдийн засгийг төрөлжүүлж, газрын тосноос ихээхэн хамааралтайгаа багасгахаар зорьж байгаа аж. Улсынхаа эдийн засгийг 2030 он хүртэл шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тэрбээр тус компанийн үнэлгээг 2016 оны эхээр (тэр үед “Saudi Aramco” анхдагч зах зээлд хувьцаагаа арилжих болсноо зарласан) хоёр их наяд ам.доллар хэмээн дурдсан ч банкирууд дээрх тоог 1.5 их наяд гэж байв. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлагийн тооцоолсноор “Saudi Aramco” 2015-2017 онд Саудын Арабын орлогын 70 орчим хувийг бүрдүүлсэн бөгөөд IPO нь амжилттай болбол үнэлгээ нь хоёр их наяд ам.долларт хүрэх боломж бий аж.

Энэ оны байдлаар “Fortune global 500” жагсаалтад хамгийн өндөр орлоготой компаниудыг эрэмбэлэхэд зургадугаарт бичигдсэн “Saudi Aramco” андеррайтераараа UBS, “Deutsche bank”-ийг сонгожээ. Мөн өөр банкууд ч тодорхой үүрэгтэйгээр IPO гаргахад нь туслах үүрэг гүйцэтгэн оролцох талаар эх сурвалж мэдээлсэн хэмээн “Reuters” дамжуулав. Үүнээс гадна “Barclays”, “BNP Paribas” мөн андеррайтераар сонгогдсон тухай “Bloomberg” уламжилсан юм. Тус компани арваннэгдүгээр сарын эцсээр IPO хийхээр төлөвлөж буй агаад шинжээчидтэй уулзаж буй гэнэ. Энэ талаараа “Saudi Aramco” одоогоор тодорхой мэдээлэхгүй байгаа юм.

Олон улсын мэдээллийн агентлагуудын дамжуулснаар “Saudi Aramco” Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар, Сингапурын GIC компани (өмнө нь Сингапурын Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпорац нэртэй байсан) болон бусад сангаас хөрөнгө босгохоор төлөвлөж буй юм байна. Саудын Араб сүүлийн саруудад булангийн орнууд болон Азийн орнуудын Засгийн газартай IPO-гийн талаар хэлэлцээ өрнүүлсэн гэнэ. “Saudi Aramco”-гийн менежментийн болон Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газрын (дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг баялгийн сан) баг энэ сард уулзахаар төлөвлөөд буйг эх сурвалж дуулгасныг “Reuters” тэмдэглэжээ. Мөн өөр хоёр эх сурвалж GIC компанийнхантай уулзсаныг нь баталсан байна. Бас Абу Даби дахь хөрөнгө оруулагч, 229 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг “Mubadala investment” компани ч IPO-д оролцож магадгүй нь. 

Үүнээс гадна Бахрейны Хаант Улсын “Mumtalakat” баялгийн сан ч мөн хувьцаанаас нь худалдан авах төлөвтэй гэнэ. Сангуудтай хийж буй хэлэлцээ эхний шатандаа яваа бөгөөд тэдний зарим нь хөрөнгө оруулах, эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа аж. Энэ талаар сангууд мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм байна. “Saudi Aramco” компани ирэх жил 75 тэрбум ам.долларыг ногдол ашиг болгон хуваарилахаар төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буйг “Wall street journal” мэдээллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Амин Нассер “Дотоодын зах зээлд хувьцаагаа арилжих нь чухал. Бид олон улсын зах зээлд ч үнэт цаасаа борлуулахад бэлэн. IPO-г хэзээ хийхийг Засгийн газар эцэслэн шийднэ” гэсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл идэвхжиж буй нь хөрөнгө оруулагчдын (ялангуяа Барууны) сонирхлыг бууруулснаар газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн эрсдэл бийг шинжээчид тэмдэглэжээ. “Saudi Aramco”-гийн үйлдвэрт өнгөрсөн сарын 14-нд дэлбэрэлт болж, газрын тосны нийлүүлэлт багассан нь бас нэг эрсдэл гэгдэж байсан ч богино хугацаанд сэргээсэн юм. 

Тухайн үед “Saudi Aramco”-гийн үйлдвэрлэл өдөрт 5.7 сая баррелиар багасахаар байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байв. Энэ нь Саудын Арабын нийт үйлдвэрлэлийн хагас орчим, дэлхийн тосны нийлүүлэлтийн (нэг өдрийн) таван хувь гэсэн үг. Дэлбэрэлт болсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хар алт”-ны эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд шаардлага тулгарвал улсынх нь түүхий эдийн стратегийн нөөцөөс ашиглахыг зөвшөөрч буйгаа мэдэгдэж байв. Энэ нь “Saudi Aramco” зах зээлд ямар байр суурь эзэлдгийн илэрхийлэл биз ээ.

Нефтийн байгууламжуудыг нь дэлбэлсэн хэрэгт Саудын Араб Ираныг буруутгаж байгаа билээ. Саудын Арабын хунтайж “Хэрэв улс орнууд Ираны эсрэг “хүчтэй” арга хэмжээ авахгүй бол хурцадмал байдал үүсэх болно. Газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үнэ нь бидний амьдралдаа харж байгаагүй, санаанд багтамгүйгээр өснө” хэмээн ярьсныг BBC эш татжээ. Тэрбээр мөн “Ойрхи Дорнодод дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн 30, худалдааны урсгалын 20, ДНБ-ий дөрөв орчим хувь ногддог. Энэ гурав “зогсоно” гээд төсөөлөөд үз дээ. Энэ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө” гэж өгүүлжээ. Хунтайж өмнө нь “Энэ бол зөвхөн манай улсад халдсан хэрэг бус, дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд заналхийлсэн явдал” хэмээж байв.

Багахан түүх сөхвөл, газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Saudi Aramco” компанийг 1933 онд байгуулжээ. 1939 онд анх удаа далайгаар газрын тос тээвэрлэн, экспортолсон гэнэ. Үүнээс 10 жилийн дараа өдөрт үйлдвэрлэх тосных нь хэмжээ 500 мянган баррельд хүрч байв. Тус компанийн ажилчдын тоо 2016 онд 65 266-д хүрсэн бол өнгөрсөн жил орлого нь 355.9 тэрбум ам.доллар болсон статистик бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)