Сассексийн гүнгийн хатан Меган Маркл

Меган Маркл бие давхар болсон тухай мэдээ Британийн хатан хааны ордны дэгийн чухал заалтуудын нэгийг хэдийн зөрчиж, дээдсийн хүрээллийнхний дургүйцлийг хүргэжээ. Тэгэхээр дэлхий даяараа Меган Маркл, хунтайж Харри нарын хуримыг үзсэн гэсэн үг.

Тэд гэрлэлтээ батлуулсан нь ч тогтсон ёсыг зөрчиж, эртний Английн заншлыг үл ойшоосон хэрэг болсон аж. Тодруулбал, сүйт бүсгүй урьд нь гэрлээд, түүнийгээ цуцлуулсан нэгэн, хоёрдугаарт, угсаа гарал ялгаатай, гуравдугаарт, сүйт хархүүгээсээ гурван насаар эгч, бас католик шашинтан. Хурим нь улс төрийн бодлогод нийцээгүй нь хатан хааны протоколыг бас дахин зөрчсөн юм. 

Энэ бүхний дараа Сассекийн гүнгийн хатан бие давхар болсон тухай мэдээ дуулиан тарьж, шуурхай мэдээлэл дамжуулдаг, радио нэвтрүүлгийн “British telecom tower”-ийн самбарт “Хунтайж Харри болон Меганд баяр хүргэе!” хэмээн бичсэн байв. Хатан хаан Элизабетын ач хүү, хунтайж Харригийн эхнэр хөл хүнд болсон тухай албан ёсны мэдээлэл Кенсингтоны ордны твиттер хуудсанд ч нийтлэгджээ. “Гүнгийн хатан 2019 оны хавар хүүхэдтэй болох гэж буйг Эрхэмсэг дээд Сассексийн гүн, гүнгийн хатан нар зарлаж байгаадаа баяртай байна” хэмээн бичсэн байв.

ХАТАН ХААНЫ УДМЫН ХЭРГЭМ

Сассексийн гэдэг хэргэмийг хараахан мэндлээгүй байгаа хүүхдэд британичууд хэдийн өгчээ. Меган, Харри нарын хүүхэд мэндэлснийхээ дараа хаан ширээ залгамжлах жагсаалтын долдугаарт бичигдэх ба Британийн хатан хааны удам дахь африк гаралтай анхны гишүүн болох нь. 

Тус улсын иргэд энэ хүүхдийн хүйс, нэрийн талаар бооцоо тавьж байгаа бөгөөд охин бол Элис, хүү бол Филипп гэдэг нэр хамгийн алдартай буй гэнэ. Гэхдээ хунтайжийн гэр бүл энэ удаа ч тогтсон протоколыг зөрчиж, хүүхдэдээ африк, эсвэл америк соёлыг тусгасан хоёр дахь нэрийг сонгож магадгүй. Хүү төрвөл Дамбартон гүн, охин бол Маунтбаттен-Виндзор хатагтай гэсэн хэргэмтэй болох ч Эрхэмсэг дээд гэсэн нэрийн угтварыг залгамжлахгүй. 

Харригийн элэнц эцэг V Георг 1917 онд хууль баталж, ийм угтварыг зөвхөн хааны удмын эрэгтэй талын том ач хүү л хэрэглэхийг зөвшөөрчээ. Харин хатан хаан Элизабет шинээр мэндлэх хүүхдэд Эрхэмсэг дээд гэсэн угтвар олгох хуулийн боломжийг ач хүү Уильямын хоёр болон гурав дахь хүүхэд болох Шарлотта, Луис нарын адил олгож магадгүй. 

Хэдийгээр шинээр мэндлэх хүүхэд нэрийн угтваргүй байх ч хатан хааны удам учир олон давуу тал, боломж байхын сацуу тодорхой хязгаар, хүлээх үүрэгтэй байна. Гэсэн ч үеэлүүд болох хунтайж Уильямын том хүү, хунтайж Жорж, охин, гүнж Шарлотта нар шиг хариуцлага хүлээхгүй. Хувцасны талаар гэхэд л эрэгтэй хүүхэд долоон нас хүртлээ богино өмд, эмэгтэй нь нэг настайгаасаа зөвхөн даашинз өмсөх ёстой гэсэн хатан хааны протоколын хатуу журмыг Меган, Харри нарын хүүхэд мөрдөхгүй.

ОРДНЫ ХҮҮХЭД НАС

Хатан хааны удмынхан уламжлал ёсоор Гэгээн Мэри эмнэлгийн хувийн “Линдо” хэмээх жигүүрт мэндэлдэг. Эндхийн хоногийн төлбөр 7500 фунт стерлинг аж. Хүүхэд мэндлэх бүрт 41 удаа ёслолын буудлага хийж угтдаг заншилтай. Янз бүрийн үндэстэн болох хэд хэдэн асрагчтай байлгадаг нь хатан хааны удмын хүүхдүүд наад зах нь гурван хэлээр ярих баталгаа болдог. Суралцахын хувьд Сассексийн гүнгийн хүүхэд жишээлбэл, “Eton college”-д сурч болно.

Энэ нь Британийн 15 сайд болон Карл Маркс, Ян Флеминг, Борис Жонсон нарын жирийн бус олон мянган хүн сурч байсан хөвгүүдийн коллеж юм. Академик тестэд өндөр оноо авсан тохиолдолд элсдэг тус сургуульд спортын хэд хэдэн төрлөөр хичээллэж, гадаадын олон хэлний мэдлэгтэй, хөгжмийн нэжгээд хэрэгслээр тоглож чаддаг байх ёстой. Мөн оюуны өндөр чадавх шаардсан ярилцлага хийх, өвөрмөц сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Төсвийн тоонд багтаагүй бол жилд 40 мянган фунт стерлингийн төлдөг.

Хунтайж Уильям, Харри нар энэ коллежийн оюутан байсан, тэдний хүүхдүүд ч мөн сурна. Дунд сургуулийн ширээнээс ирээдүйн сайд нарыг мэддэг, таньдаг байх нь хатан хааны удмынханд илүүдэхгүй. дэх Асков, эсвэл Виндзор хотын “Wycombe abbey school”, “St Mary’s school” зэрэг хувийн сургуульд хамрагдах боломжтой. Эхнийхэд нь Английн эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхийн төлөө тэмцэгч Элиза Боуэрман, Австралийн мөн ийн тэмцэгч Жесси Стрит сурч байсан болохоор эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Меган Маркл тус сургуулийг сонгож магадгүй юм. 

Парламентын барилгаас холгүй орших, долоо хоног тутмын хурал нь Вестминстерийн аялгаар явагддаг бөгөөд эл аялгаар ярьдаг “Westminster school” мөн боломжийн гэнэ. Сургалт, бүр тодруулбал, хэний хүүхэд сурч буй нь сонголт хийх чухал шалгуур болдог. Энэ нь хүүхэд дээдсийн хүрээнд биеэ итгэл төгс авч явж сурахад тустай аж. 

Үүнийг ч Меган сайн мэднэ. Түүнийг есөн настай байхад эцэг нь сугалааны азтан болсноор муж улсынхаа шилдэг дунд болон их сургуульд сурах боломж нээгджээ. Тийнхүү эцэг нь өөрийн хүрч чадаагүй үүдийг охиндоо нээж чадсан байна.

Сассексийн гүнгийн хүүхэд хатан хааны арга хэмжээнүүдэд оролцох үүрэгтэй ч хуваарийн хувьд ирээдүйн хаан, хунтайж Жоржийнхоос ачаалал хамаагүй бага байх аж. Уильям болон Харригийн амьдралын хэв маягийг харьцуулахад ч илэрхий. Ах нь ирээдүйд хаан болохын хувьд илүү хариуцлага үүрч, харин Харри хүссэнээ буюу Африкт нийгмийн ажил хийж байна.

Меган болон Харри хүмүүнлэгийн хийгээд нийгмийн ажил эрхэлдгээс үзвэл тэдний хүүхэд коллежоо төгсөөд Африкийн орнуудыг зорьж, тусламжийн ажил эрхэлж магадгүй. Тэгээд ч африк гаралтай америк эмээ Дория төлөөлөл нь болох ард түмний соёлд нэвтэрч мэдэх юм.

ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ

Тогтсон олон уламжлалыг эвдсэн Меган ирээдүйн гүн, эсвэл хатагтайг хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Бие давхар болсон мэдээ нь л гэхэд журам зөрчиж, ихэс, дээдсийн дургүйцлийг хэдийн хүргэсэн. Учир нь хатан хааны гэр бүлийн гишүүд хуримын өдөр мэдээлэл хийдэггүй ёстой.

Гэтэл хатан хааны ач охин, гүнж Евгениягийн хуриманд Меган Маркл бие давхар гэсэн мэдээлэл тарааснаас хуримлагч залуу хосоос илүүтэй олны анхаарлыг татжээ. Үүнийг болиулахын тулд сүйт бүсгүйн гэр бүл Меганыг хөл хүнд гэсэн мэдээллийг няцаахад хүрсэн байна.

Тэгш эрхийн төлөө тэмцэгч байсан талаарх сэдвийг хөндөж болох юм. Хүйсээр ялган сургадаг, хуучирсан дүрэмтэй, эцгийн эрхт уламжлал дунд хүүхдээ өсгөхийг Меган хүсэхгүй. Гэхдээ тэрбээр эсэргүүцэхээсээ илүүтэй Британийн хатан хааны гэр бүлд нийцэхийг хичээж буй харагддаг. 

Америкийн олон ангит киноны жүжигчин, инстаграмд өөрөг зургаа тавих дуртай, ичиж зоволгүй гэрэл зургаа авхуулдаг Меган жилийн дотор Английн сүмд мөргөл үйлдэгч болж, хатан хааны удмын дэг жаягаар ёсолдог болжээ. Нөхөрт гарснаасаа хойш тэрбээр хатан хааны гэр бүл дэх нөхөртэй эмэгтэйчүүдийн адил зөвхөн биеийн өнгөтэй трико өмсөж, британи аялгаар ярьдаг болж, төрөл төрөгсөд, хуучин танилуудаа амьдралаасаа бүрмөсөн хассан байна.

Тиймээс Меган хүүхдүүдээ уламжлалт аргаар хүмүүжүүлэхийг эсэргүүцэхгүй бололтой. Тэдний авах хэргэм амьдрал, зан байдалдаа нийцсэн байх ёстой. Чухам ийм учраас Британийн ард түмэн өнөө болтол оршин тогтнож буй уламжлалт хаант засаглалдаа дуртай. Энэ хүндлэлийн ачаар хааны гэр бүл муугүй орлого олдог аж.

ХААН УГСААТАН

Рэйчел Меган Маркл буюу Сассексийн гүнгийн хатан Меган 1981 оны наймдугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод мэндэлжээ. Эцэг нь Холланд, Ирланд гаралтай цагаан арьстан бөгөөд гэрлийн найруулагч бол африк гаралтай, Америкийн иргэн эх нь нийгмийн ажилтан, йогийн багшаар ажиллаж байжээ.

Америкийн ген судлаач Гэри Бойд Робертсийн судалж, тогтоосноор Меганы эцэг нь Британийн хаан хаан III Эдуардын удам. Эл хааны хөвгүүдийн үр удам болох, Меганы эцгийн талын өвөг Уильям Скиппер 1639 онд Бостон руу цагаачилсан гэнэ. Тиймээс Меган нөхрийнхөө холын хамаатан болж буй. 

Тэрбээр Баруун хойд их сургууль төгсөөд, 2002 онд “Төв эмнэлэг” цуврал кинонд анх тоглож, дараа жилүүдэд нь гэрэл зургийн модель, жүжигчний ажлаа хавсран хийж, “C.S.I: Нью-Йорк гэмт хэргийн газар”, “90210: Шинэ үе”, “Хязгаар”, “Цайз” цуврал киноны үзэгдлүүдэд гарчээ. “Намайг санаарай”, “Тэвчих аргагүй боссууд” кинонд л том дэлгэцнээ гарсан байна. Лос-Анжелест мэндэлж, өссөн Меган Маркл телевизийн цуврал “Suits” кинонд тоглохоор Торонто руу шилжжээ.

ЭРХЭМСЭГ ДЭЭД ХАТАН

2011 оны есдүгээр сарын 10-нд Меган кино найруулагч Тревор Энгельстэй гэрлэсэн. Тэд 2004 онд танилцаж байсан бол 2013 онд гэрлэлтээ цуцлуулжээ. 2016 оны арваннэгдүгээр сард Меган хуучин нөхрөөсөө санхүүгийн дэмжлэг авахаа больсон гэнэ.

Тэр үед буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд Кенсингтоны ордныхны нотолсноор Меган хэдэн сарын турш хунтайж Харритай дотно харилцаатай болсон байв. Харри мэдэгдэлдээ Меган, түүний гэр бүлийг мөшгөхөө болихыг хэвлэлийнхнээс шаардсан байна. 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд хунтайж Харритай албан ёсоор сүй тавьсныг зарласан. Мөн сард Меган жүжигчний карьераа дуусгажээ. 

Сүйн бэлзгийн загварыг хунтайж Харри гаргасан гэдэг. Үүний голын том очир эрдэнэ Ботсваных бол хоёр талынх нь мөн очир эрдэнийг Харригийн ээж, гүнж Дианагийн цуглуулгаас авсан байна. Тэдний гэрлэх ёслол өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд Виндзорын цайзад болсон. Хуримын өмнө Меган Маркл Британийн харьяат болж, шашин шүтлэгээ сольжээ. Гэрлэх ёслолын дараа тэрбээр Эрхэмсэг дээд Сассексийн гүнгийн хатан гэсэн хэргэмтэй зүүсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)