“Саран дээр буусан” хоёр дахь хүн Э.Кипчоге

Кенийн нэрт гүйгч Элиуд Кипчоге спортын түүхэнд анх удаа марафон зайг хоёр цагийн дотор тууллаа. Гэвч түүний биширмээр амжилтыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэнэ.

“САРАН ДЭЭР ХҮН БУУХТАЙ АДИЛ”

Марафон гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоох оролдлогоо Э.Кипчоге чухам ийн тодорхойлсон юм. Хүний нөөц боломжид хязгаар үгүй, 42.2 км зайг хоёр цагийн дотор гүйж туулах боломжтой гэдгийг домогт кени гүйгч харуулахыг хүсжээ. Хэрэв тэгж чадвал энэ нь үнэхээр агуу үйл явдал болох байлаа.

Э.Кипчоге оролцсон 12 марафон уралдааныхаа 11-т нь түрүүлсэн супер гүйгч. 2016 оны олимпын наадмын аварга. Марафоны дэлхийн дээд амжилтын (хоёр цаг, нэг минут, 39 секунд) эзэн. Тэрбээр дээд амжилт тогтоохын тулд сүүлийн дөрвөн сард Кенийн Каптагат хотод бэлтгэл хийсэн бөгөөд үүндээ сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв.

“Надад асар их дарамт ирж байгаа ч би дээд зэргийн тайван байхыг хичээнэ. Энэ уралдаан надад маш чухал. Хүний боломж, чадвар ямар агуу гэдгийг би харуулах болно. Гэхдээ сэтгэл зүй султай бол бие махбодын хувьд хүчтэй байх боломжгүй” гэж Э.Кипчоге ярьжээ.

Харамсалтай нь, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) түүний амжилтыг албан ёсоор дээд амжилт гэж тооцохгүй гэж шийдвэрлэж. Хүн “саран дээр хоёр дахь удаагаа буусан” нь хуурамч зүйл гэж үү?

ТӨГС ОРЧИН

Марафон зайг хоёр цагийн дотор туулахын тулд зөвхөн сайн орчин нөхцөл хангалтгүй. Бүх зүйлийг төгс бэлтгэсэн байх ёстой. Хоёр жилийн өмнө Э.Кипчоге “саран дээр буух” эхний оролдлогоо хийж байв. Тэрбээр Италийн Монца хот дахь “Формула-1” уралдааны зам дээр гүйсэн боловч хүссэн амжилтаа гаргаж чадаагүй юм. Түүнд ердөө 26 секунд дутсан.

Харин энэ удаад бүхнийг өө сэвгүй бэлтгэхэд ихээхэн анхаарчээ. Далайн түвшнээс дээш 165 метрт орших Австрийн Вена хотыг тэд сонгож, тусгайлсан зам бэлтгэв. Мөн Э.Кипчогегийн бэлтгэл хийж байсан хот болон Австрийн хоорондох цагийн зөрүүг харгалзан үзэв. Аравдугаар сарын дунд үеийг ч тохиолдлоор сонгосонгүй. Дээд амжилт тогтоохын тулд халуун ч биш, хүйтэн ч биш цаг агаарт уралдах ёстой. Гүйх өдрийг тодорхойлохын тулд Вена хотын цаг агаарын мэдээг сар гаруйн турш, өдөр бүр тогтмол авч байв. Ингээд аравдугаар сарын 12-ны өдрийг сонгож, орон нутгийн цагаар 08.15 цагт уралдааныг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

ТӨГС ТУСЛАХУУД

Бэлтгэл ажил зөвхөн үүгээр хязгаарлагдсангүй. 42 км-ийн турш ганцаараа маш өндөр хэмнэлтэй гүйх боломжгүй. Үүний тулд пэйсмэйкер гэж нэрлэдэг хамт гүйгчид хэрэгтэй. Э.Кипчогетэй цуг нийт 41 хүн уралдсан бөгөөд тэднээс 35 нь гүйж, зургаан гүйгч нөөцөд үлдсэн байна. Гэхдээ тэд марафоны явцад ядарсан гүйгчийн оронд солигдох байдлаар уралдаанд оролцсон аж. Таван гүйгч Э.Кипчогегийн урд, хоёр гүйгч хажууд нь гүйх тактикийг уралдаан зохион байгуулагчид сонгожээ. Марафоны турш “багууд” ээлжлэн солигдож байв.

Кени гүйгчийн багт 5000 метрийн зайд дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Этиопын С.Барега, 1500, 5000 метрийн зайн дэлхийн аварга АНУ-ын Б.Лагат, Норвегийн ихэр ах дүү Хенрик, Якоб, Филип Ингебригстен нарын шилдэг байсан юм.

ҮЛ ТООЦОГДОХ ДЭЭД АМЖИЛТ

Тийм ээ, Э.Кипчоге чадсан. Тэрбээр 42.2 км зайг хоёр цагт багтаж туулсан. Тодруулбал, нэг цаг, 59 минут, 40 секундэд. Гэвч өмнө өгүүлсэнчлэн түүний амжилтыг IAAF албан ёсоор хүлээн зөвшөөрсөнгүй. Тус холбооны дүрмээр уралдааны турш гүйгч нь хамт уралдагчидтай байх ёсгүй. Өөр нэг шалтгаан нь Э.Кипчогегийн хурд, хэмнэлийг сааруулахгүйн тулд дугуйтай хүмүүс ундаа өгч байсанд оршино. IAAF-ийн албан ёсны тэмцээнүүдэд тамирчин ундаа уух тусгай цэгт ирж, ус уухдаа хурдаа бага зэрэг сааруулах дүрэмтэй.

Энэ бүхний эцэст кени гүйгчийн дээд амжилтын талаар хоёрдмол сэтгэгдэл төрж байна. Нэг талаар, үнэхээрийн шилдэг гүйгч болох Э.Кипчогегийн агуу амжилтаар бахархахаас өөр аргагүй. Нөгөөтээгүүр, тэрбээр эл амжилтдаа “хиймлээр” хүрсэн мэт санагдана. Магадгүй IAAF-ийн шийдвэр зөв ч байж болох. Саяхан өндөрлөсөн хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон уралдаан гүйгчдийн хувьд асар хүнд нөхцөлд болсон билээ. Гэтэл Э.Кипчоге Венад дэндүү таатай нөхцөлд уралдсан шүү дээ.

Бэлтгэсэн: Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)