САН ХЭМЭЭХ “СААЛИЙН ҮНЭЭ”-Г СААСАН ЭРХМҮҮД ХЭРХЭВ

  Тусгаар тогтносон улс маань гурван сая иргэнээ ажилгүйдэл, ядуурлын туйлд хүргэсээр. Гэтэл төрийн чухал албанд очсон нэг нь улсын хөрөнгийг халаасаа түнтийлгэх хэрэгсэл хэмээн бодож, ойр дотнынхоо хүмүүсийг ямар нэгэн сан, төсөл, хөтөлбөрийн тэргүүн болгож, хамтран идэлцэж байгааг олон түмэн харсаар суугаа. Үүний бодит жишээ нь Засгийн газар, яамдын харьяанд байдаг Тусгай нэртэй сангууд. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Цэвэр агаар сан”, Нийгмийн халамжийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, “Нүүрс” хөтөлбөр гээд аль л хөрөнгө мөнгө сайтай санг хэн нэгэн эрх мэдэлтний найз нөхөд, “гар хөл” бологсод тэргүүлж байгаа. Эдгээр сангийн хөрөнгө зорилтот хүмүүстээ хүрдэг эсэх нь эргэлзээтэй, харин мөнгө угааж буй эрхтэн дархтаны гараар татвар төлөгч бидний мөнгө үрэгдсээр байгаа юм.

Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг завшсан хүмүүсийн эхлэлийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байсан Ч.Пэрэнлэйд холбогдох хэрэг тавьсан гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Тэрбээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний буудай завшиж, спиртийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан хэрэгт холбогдсон юм. Хууль хяналтын байгууллагынхны тогтоосноор тус санд нэг тонныг нь 300-400 мянган төгрөгөөр худалдаж авдаг буудайнаас 30 орчим вагон буюу ойролцоогоор 1800 тонныг спиртийн үйлдвэрүүдэд худалдаж, олсон орлогоороо тариалангийн хоёр ч компани худалдаж авсан хэрэгт холбогдон, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан салж байсан билээ. Өдгөө тэрбээр Засгийн газраас Дорнод аймгийн Халх голын бүс нутагт хэрэгжүүлж буй томоохон төслийг удирдахаар болсон гэлцэх. Үүнээс хойш Засгийн газрын хэд хэдэн тусгай сангийн нэр бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдон, зарим нь шүүхээр шийтгүүлж, зарим нь шалгуулж байна.

НХҮЕГ-ЫН ДАРГА Д.БАЯРСАЙХАН БАТЛАН ДААЛТАД ГАРАВ

Эрх бүхий албан тушаалд очсоныхоо дараа ах дүүстэйгээ нийлэн татвар төлөгчдийн хөрөнгөөс завшиж, тусгай санг хоосолж байсан хэрэгт хамгийн сүүлд холбогдсон хүн бол Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар (НХҮЕГ)-ын дарга Д.Баярсайхан. Түүнд холбогдох хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй юм. Түүнийг удирдлага дороо ажиллаж байсан нутгийн дүү, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулган нартай бүлэглэн Халамжийн хөрөнгөөс завшсан хэмээн буруутгаж буй. Монгол Улс “халамж улс” болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь НХҮЕГ-аас түгээж буй 70 гаруй төрлийн халамжаас хүртдэг гэх юм билээ. Энэ эмгэнэлтэй тоог цагдаа, прокурорын байгууллагынхан шалгалтын явцад тогтоосон аж. Харин ачир дээрээ халамж хүртэх ёстой хүмүүс нь авч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх агентлаг мэт харагдавч НХҮЕГ-аар дамжин олон тэрбум төгрөг иргэдийн гар дээр очдог.

Манай улсаас иргэддээ хандсан халамжуудаас мөнгө тараах үйлчилгээг илүүд үздэг нь нэр бүхий албан тушаалтнууд хөрөнгө завших замыг нь засаад өгсөн гэхэд хилсдэхгүй. Д.Баярсайханд холбогдох хэрэгт түүний төрсөн дүү Д.Оюунтөгс холбогдон цагдан хоригдож буй. Тэрбээр “Локашн” гэх компанийн менежерээр ажилладаг бөгөөд түүгээр нь дамжуулж, мөнгө шилжүүлэн авдаг байсан гэх юм билээ. Мөн Ч.Эрдэнэбулганы эхнэрийн эгч Д.Эрдэнэсувдыг дээрх хүмүүсийн хамт цагдан хорьсон. Сэжигтнээр саатуулагдсан Д.Эрдэнэсувд “Энэрэхийн шид, асрах гайхамшиг” нэртэй төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг бөгөөд мөн л тус байгууллагын дансаар дамжуулан ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн мөнгийг завшиж байсан гэж буруутгасан юм билээ. Аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийнхний дүгнэлт хараахан гараагүй байгаа. Урьдчилсан байдлаар энэ хэргийн улмаас улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон, Д.Баярсайханы олон дүүг хэрэгт холбогдуулсан хэдий ч хорьж шалгах шаардлагагүй гэж үзсэн хэмээн прокурорын байгууллагын эх сурвалж хэлсэн юм. Харин дөрвөн хүн цагдан хорьсон нь дээр нэр гарсан албан тушаалтнууд. Тэднээс Д.Баярсайханыг өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж, бусад хүн нь хоригдсон хэвээр гэнэ.

“ЦЭВЭР АГААР” САНГИЙН УДААХ ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЯНАЖ БАЙНА

Улаанбаатарын утааг бууруулах зорилготой “Цэвэр агаар” сан хэмээх тусгай санг байгуулан тэргүүнээр нь АН-ын гишүүн Н.Хүрэлсүхийг томилсон. Гэвч Улаанбаатарын утаа буурсангүй, бууруулах ёстой хөрөнгө нь тус сангийнхны эрх мэдэл бүхий хүмүүсийн гарын салаагаар урсаж, үнэтэй машин, байр, брэндийн гутал, цүнх тэргүүтэн болж дууссан. Уг хэрэгтээ ч дээрх сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан зэрэг хүн ял шийтгүүлээд байгаа билээ. Гэтэл дээрх хүмүүсийн идсэн уусан хэрэг нь дуусаагүй талаар бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Н.Хүрэлсүх, М.Хулан нарт холбогдох хоёр дахь хэргийн шалгалт саяхан дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад ирүүлсэн гэж Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж хэллээ. Уг хэрэгт дээрх хоёр хүнээс гадна М гэх залууд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлсэн байгаа. “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс М-ийн компанийн данс руу дээрх хоёр хүний гарын үсэг цохолттойгоор 30 гаруй сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон юм билээ. Түүнээс гадна өмнөх хэргээс нь шалгалгүй дутуу үлдээсэн “Тара” компанийн данс руу нүүрс нийлүүлэх нэрээр 170 гаруй сая төгрөг нэмж шилжүүлсэн шинэ баримтыг олж тогтоосон гэнэ.

Мөн “Цэвэр агаар” сангийн техник хяналтын зардал нэрээр мөнгө шилжүүлээд, “Илүү мөнгө шилжүүлсэн байна. Бэлнээр гаргуулж авъя” хэмээн М.Хулан 88 сая төгрөг очиж авсныг ч тогтоосон гэж прокурорын эх сурвалж хэлэв.

Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)