Санхүүгийн хямралд орсон их сургуулиуд шалгуураа өөрчилж эхэллээ

Дэлхийн улс орнууд “коронавирустэй намар”-т бэлдэж эхэлсэн тухай мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаж байна. Бэлтгэх нэг салбар нь боловсрол, тэр дундаа их сургуулиуд. Өдгөө их сургуулиуд цахимаар хичээллэснээр бүх байр, дадлагын төв, лаборатори, судалгааны институт нь эзгүйрч, төсөл, хөтөлбөр нь үнэгүйдэхэд хүрчээ. Оюутнууд нь сургалтын болон дотуур байрны төлбөрийнхөө тодорхой хувийг буцаан авах хүсэлт гаргаж, цахим сургалт үр дүнгүй байгаад гомдоллосон хэвээр аж. Сургуулийн захиргаанаас профессорууд, багш, ажилтнуудынхаа цалинг олгож, байруудынхаа урсгал зардлыг төлөхөд хүндрэл учирч, сургалт, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт нь зогсоход оржээ. 

Сургуулиуд хэдэн мянган оюутан нэг доор нэвтрэн, ашиглах боломж бүрдүүлэхээр сургалтын системээ дээд зэргээр хөгжүүлэн, тэтгэлгээ үргэлжлүүлэн олгож, төгсөлт, элсэлтийн шалгалтыг цахимаар зохион байгуулахад хөрөнгө их зарцуулж буй аж. Ийн санхүүгийн эрсдэлд орсон их сургуулиудын өмнө тулгарч буй томоохон бэрхшээл нь олон улсын оюутнууд, элсэгчдийн суралцах, эсэх асуудал. Учир нь “Ковид-19”-ийн тархалт буурахгүй бол хямралтай нүүр тулсан олон улсын оюутнууд их сургуульд элсэх, хуучин суралцагчид нь үргэлжлүүлэн хичээллэх, эсэх нь эргэлзээтэй болжээ. Шилдэг их сургуулиудын төсвийн ихэнх хувийг сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн дийлэнхийг гадаадын оюутнууд бүрдүүлдэг юм байна. Хэрэв коронавирусийн тархалт энэ хэвээр удаан үргэлжилбэл их сургуулиудын ихэнх нь хаалгаа барьж, эсвэл хоорондоо нэгдэнэ гэдгийг судлаачид таамаглаж буй. Их сургуулиудын нөхцөл байдал ямар байгаа, цаашид санхүүгийн хямралаас гарахын тулд элсэлтийн шалгууртаа өөрчлөлт оруулах, эсэх талаарх мэдээллийг хүргэе.

АНУ-ын Калифорни муж улсын их сургуулиуд энэ намар элсэлт авахгүйгээ мэдэгджээ. Калифорнийн их сургууль гэхэд муж улсынхаа хэмжээнд 10 байртай бөгөөд ирэх намар алийг ч нь нээхгүй, хичээлийн жилийг онлайнаар эхлүүлэхээр ярилцаж байгаа аж. Тус муж улс дахь хоёр томоохон их сургуулийн 770 мянган оюутны олонх нь ирэх намар хичээлдээ ирэхгүй байх магадлалтай гэнэ. Харин бусад сургууль нь ирэх намар элсэлт авна гэдгээ илэрхийлжээ. Харвардын их сургуулийн хувьд ирэх хичээлийн жилд элсэлт авах ч сургалтынхаа нэлээд олон хөтөлбөрийг цахим хувилбарт шилжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Колумбын их сургууль элсэгчдийг шалгах, бүртгэх, чиглүүлэх сургалтад хамруулах зорилгоор ажилтан, оюутнууд нь бодитоор харилцах боломжтой виртуал цонх бүтээгээд байгаа аж.

АНУ, Британи, Австрали, Канад зэрэг улсын их сургуулиуд 2020 онд төлбөрөө нэмэгдүүлж, чадварлаг оюутнуудыг элсүүлэх, сургалтын орчныг сайжруулахад их хэмжээний хөрөнгө зарцуулсан юмсанж. Гэвч өдгөө гадаадын оюутнууд суралцах, эсэх нь эргэлзээтэй болсноор санхүүгийн хямралтай тулгарчээ. Тус улсуудад бусад тив, орны таван сая орчим оюутан амьдардаг бөгөөд дотоодын оюутнуудаас нь илүү өндөр төлбөртэй суралцдаг аж. Ирэх жилд олон улсын оюутнуудаас авдаг сургалтын төлбөрийн гуравны нэг буюу долоон тэрбум фунтийн орлого буурах магадлалтайг Британийн дээд боловсролын байгууллагаас анхааруулсан байна. Австралийн Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Таня Плиберсек “Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй бол зарим их сургууль “нурах” эрсдэлтэй тулгарах нь. Ач холбогдолтой хэдэн зуун судалгаа, төсөл, ажлын байр үгүй болох аюултай. Манайд нэг сая орчим хятад оюутан суралцдаг. Тэдний тоо ирэх жилд буурах төлөвтэй байна” хэмээжээ. Тус улсын Боловсролын яамнаас гадаадын 11 мянган оюутныг хамруулан судалгаа явуулахад Австралид суралцах хүсэлтэй оюутнуудын бараг тал хувь нь энэ жил элсэхгүйгээ илэрхийлсэн аж.

“Ковид-19”-ийн халдвар тараасан гэх шалтгаанаар БНХАУ-ын оюутнуудыг элсүүлэхгүй байх хандлага Европт ажиглагдах магадлалтайг судлаачид тэмдэглэжээ. Гэвч тэнд суралцдаг хятад оюутны тоо сүүлийн жилүүдэд хамгийн их өсөлттэй байгаа гэнэ. Тухайлбал, 2008 онд Европын улс орнуудад суралцдаг хятад оюутны тоо 20 мянга байсан бол өнгөрсөн жил 70 мянга болж өссөн байна. Харин Азийн бусад улс, Африкаас суралцдаг оюутны тоо 20-40 мянгын хооронд хэвээр байсныг судалгаа харуулжээ.

Тиймээс бүс нутаг харгалзан квот тогтоож, оюутан элсүүлэх хандлага их сургуулиудын хувьд гарахгүй, чадвартай, олон суралцагч элсүүлэхэд л түлхүү анхаарна гэдгийг тэмдэглэжээ.

Гадаадын шилдэг их сургуульд элсэхийн тулд IELTS, TOEFL, SAT, GMAT гэх мэт шалгалтын өндөр оноотой, ажлын туршлагатай, сайн дурын ажил хийсэн байх шаардлагатай. Тэгвэл цар тахлын улмаас ирэх намрын элсэгчид дээрх шалгуурыг хангах боломж хомс байгаа аж. Тухайлбал, улс орнууд дахь хэлний шалгалт авдаг төвүүд хөл хорионд орж, үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Цөөн улсын иргэд л компьютерт суурилсан шалгалт өгч, хэлний шалгалтын оноо авч буй аж. Мөн коронавирусийн халдвар, эдийн засгийн хямралаас үүдэн залуус ажлаасаа халагдаж, судалгааны ажлаа зогсоон, сайн дурын ажил хийх боломжгүй болсон тул дэлхийн их сургуульд элсэх шалгуурыг хангахад бэрхшээл тулгарчээ. Тиймээс сургуулиуд оюутнуудыг уян хатан нөхцөлөөр элсүүлэхээр шалгууртаа өөрчлөлт оруулж эхэлсэн аж. 

Тухайлбал, сургалтын чанараараа дэлхийд дээгүүрт жагсдаг Иллинойсийн их сургууль бизнесийн удирдлагын хөтөлбөрүүддээ хэлний болон суурь шалгалтын оноо шаардахгүй, цахимаар элсэлт авахаа зарлажээ. Мөн ХБНГУ-ын Франкфуртын их сургууль санхүү, менежментийн чиглэлээр оюутнуудаас англи хэлний шалгалтын оноо шаардахгүй, тэдэнтэй ярилцлага хийж, уг чадварыг нь үнэлэн, анкетын бусад үзүүлэлтийг харгалзан үзэж, элсүүлэх гэнэ. Элсэлт эхэлтэл хэлний шалгалтын төвүүд нээгдэхгүй бол Оксфордын их сургуулийн захиргаа шалгуур үзүүлэлтүүдээ шинэчлэхээ мэдэгджээ. Зарим нь дуалинго буюу цахимаар явуулдаг хэлний шалгалтын оноог харгалзан үзэхээ мэдээлсэн байна. Уг шалгалт нь одоогоор дэлхийн 1000 гаруй сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн аж. Зарим сургуулийн хувьд энэ талаар одоогоор ярилцаж буй бөгөөд ирэх зургадугаар сард шийдвэрээ танилцуулах аж.

Энэ мэтчилэн коронавирусийн халдвараас шалтгаалж санхүүгийн хямралд орсон их сургуулиуд элсэлтийн шалгууртаа өөрчлөлт оруулж буй бөгөөд сургалтын арга барил, төлөвлөгөөнд ч мөн шинэ хандлага гарахыг судлаачид тэмдэглэжээ. Тухайлбал, өмнө нь 4-6 жил суралцдаг тул анагаахын чиглэлээр оюутан элсүүлэх тоо цөөн байсан бол цаашид энэ квотоо нэмэгдүүлэх магадлалтай гэнэ. Үүнийг эрүүл мэндийн салбар, хүний нөөцийн бодлого цар тахлын өмнө хүчин мөхөсдөж буйтай холбон тайлбарлажээ. Мөн оюутны эрүүл мэндийн байдал, түүнчлэн вакцинд хамрагдсан хуудсыг шаардаж, цусны донор, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг, эсэх зэргийг харгалзах нь. Цахим сургалтын хөтөлбөрийн тоог нэмэгдүүлж, оюутны бие даан суралцах чадварыг нь түлхүү шалгаж, элсүүлэх тухай судлаачид тэмдэглэж байна. Цаашид дэлхийн шилдэг их сургуулиуд хэрхэн ажиллаж, элсэгчдийг ямар шалгуураар тэнцүүлэх, эсэх нь коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)