САНЖААГИЙН БАЯР ирлээ

2004 оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдсан юм. Аль ч нам олонх болж чадаагүй нь МАХН-ын тухайн үеийн удирдлага уснаас хуурай гарахад тусалсан билээ. Эвслийн Засгийн газар байгуулагдаж, хариуцлагаас мултарч дөнг өсөн хүмүүс “ордны хуйвалдаан”-аар санасан, хүссэн ширээ, сандалдаа тухлан улс орны амьдрал хэвийн горимдоо орсон боловч аливаа түүхэн үйл явдлын хөдөлгөгч хүч болсон нэхэл хатуутай ард түмэн энэ бүхнийг мартаж чадахгүй байлаа. МАХН-ын дарга нь Улсын Их Хурлын дарга, улмаар Монгол Улсын ерөнхийлөгч болов. МАХН-ын ээлжит их хурал Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан баярт сэтгэлийн хөөрөл намжаагүй байхад санаснаа хийж, сарвайснаа авч сурсан хүмүүс урьдчилан сайтар бэлтгэсэн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн. Намын энэ удаагийн их хурлыг 1260 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хийсэн нь олон байх тусмаа удирдагчийг дагах магадлал ихэсдэг гэсэн ердийн томьёололд тулгуурласан, маш сайн бодсон тооцоо байлаа. Гэтэл юм бүхэн сайн, сайхан байсангүй. МАХН-ыг эрс шинэчлэх тухай яриа амнаас ам дамжин тархаж, хамгийн эхлээд “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёсны төлөө” гэсэн жигүүр албан ёсоор байгуулагдав. “Улаан сарнай” идэвхжиж, “Эрс шинэчлэл” нэртэй хэдхэн хүний хөдөлгөөн үүсэв. Гэтэл шинэчлэлт, өөрчлөлт алхам ч урагшилсангүй. Харин “МАХН-ын онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулагдан гуравхан сарын дотор 30000 гишүүний гарын үсэг цуглуулж чадсан нь намыг бүх шатанд хөдөлгөөнд оруулж, МАХН их хурлаа хийхээс аргагүй болсон. Энэ нөхцөл байдлыг овжин олж харсан Их Хурлын 12 гишүүн “Элсний” хэмээх тодотгол нэрийн дор ил гарч ирсэн. МАХН-ын ХХҮ их хурал хуралдлаа. Үнэхээр хуралдсан шиг хуралдсан. Их хурлын оргил үе нь МАХН-ын даргын сонгууль байлаа. Зохион байгуулалттай олон бүлэг, фракц байв.

Харин Санжаагийн Баяр ерөнхий нарийн бичгийн даргын хувьд их хурлын зохион байгуулалт, бичиг цаасны их ажилтай зууралдан амсхийх завгүй, “юун сонгуультай, манатай” байлаа. Гэхдээ их хурлын төлөөлөгчдийн олонх С.Баярыг МАХН-ын даргаар сонгосон. Их хурлын сонгуульд намаа авч ороход МАХН-ын даргад Ерөнхий сайдын суудал зайлшгүй шаардлагатай байлаа. Намын их хурал энэ боломжийг ч бүрдүүлсэн. Аливаа сонгуулийн дараа өрсөлдсөн хүмүүс ихэвчлэн хоёр тийшээ хардаг. Энэ удаад тийм асуудал гарсангүй. М.Энхболд С.Баярын Засгийн газрын Шадар сайд, бас намынхаа нарийн бичгийн дарга болов. Насандаа ахадсан хүлээц, тэвчээртэй М.Энхболд, хурц, содон зан авиртай С.Баяр хоёр намаа ч, Засгийн газраа ч хамтдаа толгойлон сонгуульд оролцож жинхэнэ ёсоор ялсан.

С.Баяр хэзээ ч ямар нэгэн бүлэг фракц байгуулж, толгойлж байгаагүй. Хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж, ач тусыг санаж, “чиний, миний” болж яваагүй. Өр тавихгүй, бас өр нэхэж өрвөлзөхгүй. Төрөлхийн чанарт нь тийм ойлголт байдаггүй юм билээ. Өчигдрийн өрсөлдөөн, тэмцлийг өнөөдөр мартаж чаддаг. Нөхөр, дайсан гэж ялгадаггүй. Андын журмыг сахина, албаны зарчмыг барина. Харин хольж хутгахгүй. Угийн “школа”, хүмүүжил нь ерөнхийдөө орос талдаа. Том эрх ашгийн төлөө бага, жижиг зүйлийг мартаж чаддаг. Энэ бүх чанар нь мэдээж цөөнхөд дэндүү гэмээр таалагддаг боловч одоо цаг дор олонхийн дүргүйцэл, бухимдлыг илүүтэй хүргэдэг байж мэднэ. 2008 оны сонгуулийн дараа юм юм л болсон. Нам цагаан байргүй болов. Шатаасан гэж нэрлэж болох хүмүүстэй ямар нэгэн улс төрийн тооцоо бодохоос тэр хол, хөндий байж биеэ ч барьсан, намаа ч “барьсан”. Зүүдэнд оромгүй энэ үйл явдал хувь хүний тухайд түүнд дэндүү хүнд цохилт өгөх шиг санагдсан.

“Одоо яах вэ” гэсэн нэхэл хатуутай асуултын хариуд С.Баяр Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах санал, санаачилга гаргав. Үүссэн гэхээсээ үүсч болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, “Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэе” гэсэн бодол, бодлого нь хүн бүрт нэгийг сануулж, хоёрыг бодогдуулж намынхаа Бага хурлын дэмжлэгийг хүлээсэн. Ийм стандарт бус сэтгэлгээ, улс төрийн зоримог, ухаалаг шийдвэрийг Ж.Батмөнх агснаас хойш С.Баяр л гаргасан. Хамтарсан хэмээгдэж буй энэ Засгийн газар их эвлэрлийн, дулаарлын, харилцан ойлголцлын Засгийн газар мөн. Өө хайвал өндөг хүртэл бөөрөнхий биш, зууван хэлбэртэй. Үгүйсгэгчид хийгээд ардчилагчдын дүрд тоглогчид сөрөг хүчин, хяналтын механизмыг үгүй хийсэн хэмээн чанга, чанга дуугарч эхэлсэн боловч энэ Засгийн газар байгуулагдсанаар бүх шатанд эвлэрч, хүний сэтгэл бүлээсэн хамтын хүч, оюун ухаанаар төр, засгийн ажил чамгүй явж байна.

Эдийн засгийн хямралыг ч харьцангуй хохирол багатай туулж байна. Оюутолгой, Тавантолгой гээд зөвхөн хамтарч шийдэх ёстой асуудлууд урагшаа явж байна. Хоёрын хоёр Шадар сайдтай, чамгүй чадварлаг танхимтай Ерөнхий сайд урт богино хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарсан ч сэнтийтэйгээ зууралдаад байвал болох л байсан. Харин С.Баяр “Өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд надаас хавьгүй илүү энэ Сү.Батболд байж байна” гэж эрс шулуухан хэлээд Ерөнхий сайдын ажлаа нэн даруй хүлээлгэж өгсөн. Сүхбаатарын Батболд үнэхээр ирж яваа цагийн өнгийг тодорхойлолцож, ачааны хүндийг үүрэх хэмжээний хүн болох нь харагдаж эхэллээ. Албан тушаал түүний хувьд тэгтлээ амтшин амтшин зууралдаад байх зүйл огт биш. Авч чадна, өгч чадна. Энэ чанар нь түүнийг эдүгэгийн улстөрчдөөс тэхий өндөр харагдуулдаг. С.Баяр хахир хүйтэн өвлийг арай хийн давж гарч буй эх орондоо хаврын урь орж байхад ирлээ.

Түүнийг маш олон асуулт хүлээж байна. Тэр асуулт бүрт яв цав тохирсон, товч, тодорхой хариулттай ирсэн байгаа. С.Баяр ямар ч асуудалд хэзээ ч хоёрдмол байр суурьтай, нэгийг бодож нөгөөг хийж байгаагүйг мэдэх олон хүний нэг нь үүнийг өгүүлэгч билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)