Сангийн сайд уул уурхайд молигодуулж ханахгүй юм

УИХ-аас ирэх оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Энэ долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Магадгүй энэ долоо хоногт багтаад Төсвийн тухай хуулийг баталчихаж мэдэх юм. Уг нь төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах хуультай. Монгол Улсын эдийн засаг 2021-2023 онд жилд дунджаар зургаан хувиар өснө гэсэн таамаглалд тулгуурлаж төсвийг боловсруулснаа Сангийн яамныхан танилцуулгадаа дурджээ. Ирэх жилийн төсвийн хамгийн том эрсдэл нь коронавирусийн тархалт. Коронавирусийн тархалт намжиж, эдийн засгийн гинжин хэлхээ хэвийн ажиллахгүй бол өсөлт гарахгүй. Төсвийн тооцоолол худал болж, засварлах шаардлагатай болно. Олон улсын шинжээчид ирэх онд улс орнуудын эдийн засаг өснө гэж таамаглаж буй. Коронавирус тархана гэж хэн ч төсөөлөөгүй. Тэгэхээр хийсэж ирэх гайг хэн ч таамаглаж чадахгүй. Коронавирусийн “ааш” хэрхэн өөрчлөгдөх нь хамгийн том эрсдэл яах аргагүй мөн.

Сангийн яамныхан эрүүл мэнд, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх, эмх замбараагүй газар олголтыг бүртгэлжүүлж, ил тод болгох, төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулан, орлогыг өсгөх нь ирэх жилийн төсвийн онцлог байна гэж үзжээ. Энэ хүрээнд хууль бус газар олгохыг таслан зогсоох юм байна. Мөн өмнөхийн адил “цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлэх гэнэ. Татварыг нэмэхгүйгээр бизнесийг дэмжиж, төсвийн орлогын боломжит эх үүсвэр, нөөц бололцоог дайчлах аж. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох татварыг бүрэн хураах, экспортыг хялбаршуулахаар гаалийн шинэчлэлийг эхлүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэх юм байна. Технологийн дэвшил ашиглан, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэх гэнэ.

Төсвийн төсөлд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 27.9 хувьтай тэнцүү байхаар тусгажээ. Харин зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33 хувьтай тэнцүү байхаар тусгасан байна. Ингэснээр төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх нь. Дэлхий дахинд коронавирус тархаж, манай улс үүнээс сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосноор энэ оны хагас жилийн дүнгээр эдийн засаг 9.7 хувиар агшсан. Энэхүү эдийн засгийн хямрал 2020 оны төсвийн алдагдлыг 4.8 их наяд төгрөгт хүргэсэн юм. Хямралын үед ажлын байрыг хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд төсвийн зардлыг өсгөсөн. Ингэснээр энэ оны төсвийн зарлага 14.5 их наяд төгрөгт хүрч тэлсэн. Уг нь энэ оны төсвийг анх 13.8 их наяд төгрөгийн зарлагатай байхаар баталсан юм. Ирэх жил төсвийн зардал энэ оныхоос 700 тэрбум төгрөгөөр бага байх нь.

Төсвийн алдагдлын 1.26 их наядыг Засгийн газартай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон гадаад зээлээр нөхөх юм байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд хуримтлагдах 156 тэрбум төгрөгөөр алдагдлыг нөхөх гэнэ. Үүнээс гадна гадаад түншүүдийн төсвийн дэмжлэг болгож буцалтгүй тусламжаар олгосон 296 тэрбум төгрөгийг алдагдлыг нөхөхөд зарцуулна. Тэгэхээр төсвийн алдагдлын 1.7 их наяд төгрөг нь эх үүсвэртэй юм байна. Үлдсэнийг нь Засгийн газрын үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах замаар бүрдүүлэх аж. Өөрөөр хэлбэл, 500 орчим тэрбум төгрөгийн бонд дотоодын зах зээлд гаргана гэсэн үг.

ЗЭС, НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД НАЙДСАН ОРЛОГО

Төсвийн орлогыг бодитой төлөвлөх нь хамгийн чухал. Төвлөрүүлсэн мөнгийг зарцуулах шиг хялбар зүйл байхгүй. Харин төвлөрүүлэх нь ярвигтай ажил. Манай улс 11.7 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэхээр төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар төсвийн орлогын үлэмж хэсгийг бүрдүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ, экспортын хэмжээнээс манай төсвийн орлого нэлээд хамаардаг болсон гэсэн үг.

Гаалийн шинэчлэл болон Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Ногоон гарц” гэх мэт арга хэмжээний үр дүнд уул уурхайн салбарын орлого 2021 онд анх удаа 3.4 их наяд төгрөгт хүрнэ гэж Сангийн яамныхан тооцов. Энэ нь төсвийн нийт орлогын 26 орчим хувийг эзлэх юм байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 6500 ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн 1.4 сая тонн байхаар тооцсон байна. Ингэснээр 2021 онд зэсийн баяжмалын экспортоос 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх гэнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос төсөвт төвлөрүүлэх мөнгийг өөдрөг төсөөлөх дуртай. Молигодуулж ханаагүй тэрбээр дахиад л өөдрөг төсөөлжээ. Ялангуяа нүүрсний экспортыг өөдрөгөөр төсөөлдөг нь гэм биш зан нь. Өмнөх жилүүдэд ч 40 гаруй сая тонн нүүрс экспортолно гэж төсөөлж байсан. Харамсалтай нь, түүний төсөөлөл онож байгаагүй. Үнэ ханш нь байнга хэлбэлзэж, олон улсын харилцаанд ээдрээ үүсвэл хамгийн түрүүнд “бойкотлуулдаг” түүхий эдийн экспортод өндөр найдлага тавих хэрэггүй гэдгийг өдий хүртэл ойлгоогүй бололтой. Төсөөлөл нь биелбэл сайн л биз. Гэхдээ уул уурхай төсвийн орлогыг татаж унагаж мэдэх юм.

Төсвийн орлогыг бүрдүүлдэг татваруудаа бүрэн хураах нь дамжиггүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр, экспорт нь их байвал эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин, худалдаа, үйлчилгээ гэх мэт салбарт эерэг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь идэвхжүүлж, ихээхэн хэмжээний татвар төлөх боломжтой болгодог гэсэн үг. Газрын тос, газар ашигласны, навигацын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн хураамж гэх мэт татварын бус орлогоо ч төвлөрүүлж таарна. Эдгээр нь огцом хэлбэлзээд байдаггүй татвар. Харин төрийн өмчит компаниудын ногдол ашгаас 183 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ. “Эрдэнэт үйлдвэр” л ийм хэмжээний ногдол ашиг төрийн данс руу шилжүүлж магадгүй. Түүнээс биш, ийм хэмжээний ногдол ашиг хуваарилах компани төрд байхгүйг бүгд мэднэ. “Эрдэнэт үйлдвэр” шилжүүлчих байлгүй гэж бодоод санаа амаръя.

“ХУУЧИН” ЗАРЛАГА

Төсвийн зарлагын дийлэнхийг урсгал зардал эзэлдэг. Энэ жилийн төсвийн зарлагын 10.8 их наяд төгрөг нь урсгал зардал аж. Нийт урсгал зардлыг бүтцээр нь авч үзвэл цалин хөлс 22, бараа, үйлчилгээнийх 18, зээлийн хүүгийн зардал 11, татаас ба урсгал шилжүүлэг 49 хувийг нь эзэлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд 1.4 их наяд төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээ санхүүжүүлэх гэнэ. Түүнчлэн концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 224.8 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Ингээд нийт 1.6 их наяд төгрөгийн 1036 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтын зардал юм. Үүний талаар дараагийн дугаарт дүн шинжилгээ хийж, дэлгэрэнгүй хүргэх болно.

Төсвийн зарлагыг тооцохдоо төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны түвшинд хадгалах, коронавируст халдварын эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буйгаас бусад төсөвт байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төрийн албан хаагчийн гадаад, дотоод томилолт, хурал зөвлөгөөн, сургалт семинарын үйл ажиллагааг цахимжуулж, холбогдох зардлыг хэмнэх бодлого баримталжээ. Төсвийн зардлыг өсгөх биш, хумих бодлого баримталсан гэсэн үг. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнд зориулж 30 тэрбум төгрөг төлөвлөжээ. Үүнээс өөрөөр бол өмнөх жилүүдийн жишгийг баримталсан зарлагатай төсвийн төсөл боловсруулсан байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)