Санал хураалтын үеэр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

 УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг онцгой нөхцөлд зохион байгуулсан. Дэлхий нийтэд цар тахал нүүрлэж, цөөнгүй улс парламентын сонгуулиа хойшлуулсан. Харин БНСУ болон манай улс төлөвлөсний дагуу санал хураалтаа явуулсныг олон улсын хэвлэлүүдэд онцолжээ. Хэсгийн хороодод 902 эмч, эмнэлгийн ажилтан иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлснийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. Сонирхуулахад, санал хураалтын үеэр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Иргэд албаныхны өгсөн заавар, зөвлөмжийг сайн биелүүлэн, 1.5-2 метр зай барьж, дэгтэй оролцжээ. Хэсгийн хороодод 1-2 эмч ажиллан, сонгогчдын халууныг хэмжин, хүрэлцэх бүрт гарыг нь ариутган, нэг удаагийн бээлий тараасан аж.

Ташрамд дурдахад, уушгины хатгалгаатай, хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Тэрбээр “Өвчтөнүүдэд вирусийн эсрэг болон шинж тэмдгийг дарах, дархлаа дэмжих эмчилгээ хийж байна. Өнгөрсөн зургаан сар орчмын хугацаанд халдвар авсан хүмүүсийг бид иймэрхүү аргаар эмчилсэн. Антибиотик эмчилгээг хүн бүрт хийхгүй. Уушгины хатгалгаатай, биеийн байдал нь хүндэвтэр өвчтөнд уг эмчилгээг санал болгодог” гэсэн юм.