Самбо бөхийн ертөнц дэх “Том толгойтын амжилт”

“Brosis picture”, “Erkhes entertainment”, Монголын самбо бөхийн холбоотой хамтран бүтээж буй нэгэн уран бүтээл бол “Том толгойтын амжилт” уран сайхны кино юм. Самбо бөхийн ертөнцөд өрнөдөг үйл явдал болоод энэ спортоор хичээллэдэг өсвөрийн тамирчдын нөхөрлөл, тэмцээний хөгжилтэй агшнуудын тухай өгүүлэх уг киноны III ангийн зураг авалтыг Спортын төв ордонд хийжээ. Тус цуврал киноны найруулагчаар ажиллаж буй зохиолч, найруулагч Д.Болорцэцэгийн “Том 4 толгой” киноны I анги 2017 оны есдүгээр сарын 27-нд, “Том 6 толгой” киноны II анги 2018 оны аравдугаар сарын 02-нд нээлтээ хийн дэлгэцнээ гарч байжээ. Тэгвэл энэ сарын 28-нд “Том толгойтын амжилт” кино, урлагийн тоглолт, шинэ цомог үзэгчдийн хүртээл болох нь. Киноны гол дүр болох Золбоод О.Эгшиглэнт-Од, Баатарт С.Бишрэл нар тогложээ. Киноны үйл явдлаас бяцхан нууц задлахад ангийнхаа хөвгүүдэд

байсхийгээд л гөвшүүлчихдэг тэд нэгэн охинд дурласан нь самбо бөхөөр хичээллэдэг байжээ. Охиныг дуурайн самбо бөхөөр сонирхон хичээллэсэн нь хожим амжилт руу хөтлөх алхам болсон байна. Гадаадын тэмцээнд оролцох спортын нэр хүндтэй тамирчнаар шалгарсан тэд ангийнхаа болоод сургуулийнхаа дээрэлхүү нөхдөд амжилтаар хариу барьж буйгаар өндөрлөдөг энэ киноны дараагийн цуврал нь “Том толгойтын аялал” нэртэй ирэх жил гарах гэнэ. 2020 оны дөрөвдүгээр сард Европын зургаан оронд зургийг нь авахаар төлөвлөөд буй тэдний зурагтай 130 мянган дэвтэр хичээлийн шинэ жилтэй давхцан худалдаанд гарсан нь үнэнч бяцхан фэнүүдийнх нь сонирхлыг ихэд татаж буй. Хойшид спортод хөл тавьж, самбо бөхөөр хичээллэх сонирхолтой байгаа тэднийг киноны зураг авахуулах үеэр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ нар дасгалжуулсан байна.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)