Самбар урлаа ч саналаас нь хасахгүй

Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. УИХ-ын сонгуулийн 76 тойрогт 498 хүн өрсөлдөж буй. Тэдний зарим нь сонгогдоно гэдэгтээ итгэлтэй, нэг хэсэг нь “Юмыг яаж мэдэх вэ, үзээд алдъя” гэж байгаа бол нөгөө нь зүгээр л туршлага хуримтлуулах, олонд танигдах зорилго агуулж байна. Харин зарим нь хор хутгах, хоёр өрсөлдөгчийн дунд яс хаях замаар хэдэн төгрөгтэй болохыг хүссэн нь нууц биш. Яг ийм жишээ саяхан болж, нийгмийг хоёр өдөр шуугиуллаа. Ер нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хар, цагаан элдэв төрлийн PR хэрэглэж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн дунд ижил нэртэй хүн маш олон бий. Тэдний зарим нь нэг тойрогт 2-3-аараа таарч буй. Тухайн тойрогт ялах магадлал илүү нэр дэвшигчдийг унагах зорилгоор зарим нам, эвсэл ижил нэртэй хүн сойдог.

Бие даагч нар ч энэ тактикийг ашиглаж буй. Энэ бол сонгогчдыг будлиулах, хуучных ч харьцангуй хор хөнөөл багатай муу арга л даа. Мөн сүүлийн өдрүүдэд өөр нэг “моод” дэлгэрсэн нь өрсөлдөгчийнхөө сурталчилгааны зурагт хуудсыг урж тасдах явдал. Урагдсан, салбарсан зурагт хуудас, самбарын зураг цахим сүлжээгээр нэг байх юм.

Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу нэр дэвшигчид энэ удаа зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбай, штаб байрласан газартаа сурталчилгааны хугацаанд самбар үнэ төлбөргүй байрлуулж буй. Мөн гэрлийн шонгууд дээр А3-аас багагүй хэмжээгээр самбар байрлуулах эрх өгсөн. Үнэ төлбөргүй болохоор хуулийн энэ зохицуулалт нэр дэвшигчдэд их дэм болж буй биз. Гэвч үүнийг хэвлүүлэхэд бас л мөнгө зарцуулах нь мэдээж. Ийм байхад нэг өглөө босоод ирэхэд л өнөөх самбарыг нь хэд хэдээр нь ураад, эвдээд хаячихдаг болсон гэнэ. Өмнөх сонгуулиудаар ч ийм зөрчил гарч байсан. Тиймээс Сонгуулийн хуульд тусгайлан энэ үйлдлийг хориглосон заалт оруулжээ. Гэвч шөнийн цагаар ийм “ажиллагаа” өрнөсөөр байгаа юм. Сурталчилгааны самбараа уруулсан тухайгаа цөөнгүй нэр дэвшигч фэйсбүүк хуудсаараа дамжуулан гомдолложээ.

Тухайлбал, 74 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн 20 орчим самбарыг энэ сарын 14-15-нд шилжих шөнө урж сүйтгэсэн тухай тэрбээр мэдээлээд “Ард иргэддээ бодлого хөтөлбөрөө танилцуулахад хүч оюунаа дайчлахын оронд өрсөлдөгчөө хорлох ийм увайгүй арга хэрэглэж буйд харамсаж байна. Тууштай үзэл бодлоороо, хийсэн ажлын үр дүнгээрээ, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрөөрөө, хуулиа дээдэлж, шударга өрсөлдье” хэмээн уриалжээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ тухай гомдлоо гаргасан, одоогоор хэн хууль зөрчин, ийм үйлдэл хийснийг тогтоогоогүй байгаа гэнэ.

Мөн 72 дугаар тойрогт МАХН-аас өрсөлдөж буй Л.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт ТТЭНЭ-ээс нэр дэвшсэн Ү.Хүрэлбаатар, 57 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Болд, 58 дугаар тойрогт өрсөлдөж буй Г.Батхүү нарын сурталчилгааны самбарыг ч ингэж урж, хувааж хаясан байна лээ. Зурагт хуудсыг нь хэд хэдэн удаа урсан явдал ч гарч буй бололтой. Тухайлбал, Ү.Хүрэлбаатар гуай “Сурталчилгааны самбарыг маань хэд хэдэн удаа урлаа. Одоо дахин хэвлүүлэх мөнгө надад байхгүй” хэмээн бичжээ. Бэлтэй зарим нь дахин самбар хэвлүүлчихнэ гэж бодъё, гэтэл энэ үйлдэл давтагдаад байвал хэнд ч хэцүү. Арай гэж хандив босгон, хэдэн самбар хийлгэсэн нэр дэвшигч бол бараг уйлах шахаж буй байх. Тэднийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан шиг “Мөнгөгүй байж яах гэж сонгуульд өрсөлддөг юм” гэж “загнах” боломжгүй. Сонгуулийн хуульд зааснаар энэ мэт хууль зөрчсөн үйлдлийн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргах учиртай. Самбараа уруулсан нэр дэвшигчид тус тусын гомдлоо гаргасан байх. Гэвч буруутныг тийм амархан олчих нь юу л бол. Хэрэв буруутай этгээдийг олбол нэр дэвшигч шүүхэд хандах боломж нээгдэх юм билээ. Мөн ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.1-1.5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий.

Нэг иймэрхүү хууль бус, шалихгүй PR хийж, өрсөлдөгчийнхөө сурталчилгааны самбарыг урлаа гээд сонгогчдын түүнд өгөх саналаас хороож чадахгүй л болов уу. Уг нь энэ сонгууль бол УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д ард түмнээ төлөөлөхийн төлөөх өрсөлдөөн. Парламентад хов ярьж, хор хутгаачид хэрэггүй. Харин бодлого ярьж, хийсэн, хийх ажлаараа шударга өрсөлддөг эрхмүүдийг л иргэд сонгодог гэдгийг “хорлон сүйтгэгчид” мэддэггүй юм байх даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)