Салхи хагалсан МЯНГАТЫН мяндсан ухаан

Овоо доо, манай малчид. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр улс орноо эдийн засгийн хямралтай, хэцүүхэн байхад нь гараа сунган тусалъя гээд санаачилга гаргаж. Саяхан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарыг орон нутагт ажиллах үеэр нь Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Улсын сайн малчин Н.Шаравжамц гуай улсдаа 100 хонь бэлэглэсэн байна.

Малчин бид улсаас бишгүй л дэмжлэг авдаг. Одоо харин улс орноо эдийн засгийн хямралаас гарахад нь хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гээд бусад малчнаа ч бас хандив өргөхийг уриалжээ. Болж байна. Ийм сайхан гэгээтэй зүйл сонсоогүй удаж. Уг нь манайхан чинь ийм л халуун дулаан сэтгэлтэй ард түмэн юм шүү дээ.

Харин улсын сайн малчнаас гарсан холч ухаан, иргэний эр зоригийн тухай яагаад хэн ч ярихгүй, өнөөх бэлгийн 100 хонийг хэрхэх талаар ганц үг ганхийхгүй байгаа нь хачирхалтай юм шүү. Ядаж эрхэм түшээд Улаанбаатарт буцаж ирээд, “Та минь ээ, манай нутгийн сайн малчин улсдаа 100 хонь бэлэглэлээ. Малчин хүн улс орныхоо төлөө ингэж сэтгэл гаргаж байхад бэлгийн хонинуудыг нь хэрэгтэй зүйлд зарцуулмаар байна” ч гэсэнгүй.

Олон жил гадаа гандаж, хөдөө хөхрөн байж цаг наргүй хөдөлмөрлөсний эцэст буянт малынхаа тоо толгойг арвижуулсан тэр эрхэм өнөө яахаа мэдэхгүй төөрч, тэвдэж яваа улс орондоо тэвнээр ч болтугай тусалъя гэхэд нь яагаад манайхан ойшоохгүй байгаа юм бол.

Улсын сайн малчин гэдэг бол хэчнээн хүн малжуулж, цалинжуулсан, малынхаа чанар, үүлдэр угсааг хэрхэн сайжруулсан, нийгэм олон нийтийн сайн үйлсэд хэр идэвхтэй оролцож дэмждэг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, эсэх гэх мэт цөөнгүй шалгуур давсны эцэст олгодог хүндтэй шагнал.

Тийм ч учраас Н.Шаравжамц гуай Улсын сайн малчны зангараг заан, улс орны нийгэм эдийн засгийн хамгийн эгзэгтэй үед өөрийн мэдлийн халуун хошуут малаасаа 100 хонь бэлэглэе гэсэн байлгүй. Түүний үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөөгөөрөө гаргамааргүй байна.

Энэхүү санаачилгыг яаралтай түгээн дэлгэрүүлж, улсын сайн малчдыг бүгдийг нь (1992 оноос хойш 743 хүн энэ шагналыг авчээ) хамруулах, улмаар мянгатуудыг ч татан оролцуулах хэрэгцээ шаардлага үнэндээ их бий. Манай Монгол чинь юуны тулд мянгат малчдын орон билээ дээ.

Өнгөрсөн жилийн мал тооллогоор улсын хэмжээнд 6808 өрх айл 1000-аас дээш толгой малтай гэсэн статистик гарсан. 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотоо есөн дүүрэгтэй нь оролцуулаад тооцоход нэг газарт дор хаяж 18 мянгат малчин ногдоно гэсэн үг.

Тэдний дунд 1500 хүртэлх толгой малтай 5620 өрх байгаа бол 2000 хүртэлх малтай 816, 3000 хүртэлх болон түүнээс дээш толгой малтай 372 айл бий. Өвсний сөл, усны ойрыг дагаж, үнэгүй бэлчээрээс сорчлон нүүдэллэх бүрэн эрхтэй манай мянгатууд нэг удаа ч болов улс орныхоо, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод, энэхүү санаачилгад нэгдэн, хандивын гараа сунгах байлгүй дээ гэж найдна.

Байгалийн бэлчээрийг хувийн эрх ашгийн үүднээс хайр гамгүй ашигласныхаа төлөөсөнд ямар нэгэн татвар, шимтгэл, түрээсийн төлбөр төлдөггүй гээд мянгат малчдыг баалбал олон асуудал бий. Гэхдээ энэ удаа тэр тийм ч чухал биш. Цэргүүдийг эх орон 1000 жил тэжээж, нэг өдөр ашигладаг гэдэг дээ. Түүн шиг яг одоо л эх оронд чинь мянгат малчид та нарын хувь нэмэр хэрэгтэй байна.

Манай улсын хамгийн олон мянгат малчинтай аймгууд бол Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий. Н.Шаравжамц гуайн нутаг Хэнтийд гэхэд л 4000 малтай айл хүртэл байдаг юм билээ. 6800 гаруй мянгат малчин өрхөөс нэг нь дунджаар 100 хонь, эсвэл ямаа улсдаа өглөө гэж бодоход 680 мянган бог мал цуглана.

1000 малтай хүн улсдаа 100 хонь өгч байхад 4000 малтай өрхийн тэргүүн “Би яаж түүнтэй адилхан байх вэ дээ” гэж нэрэлхээд, 200 бог бэлэглэвэл бүр л сайн биз. Ямартай ч нэг богийг дунд дунджаар 80.000 төгрөгөөр тооцоход 680 мянган мал нийтдээ 54 тэрбум төгрөг болно гэсэн үг. Дээрээс нь улсын сайн малчдын хандивыг нэмбэл овоо дориун хөрөнгө цуглах гээд байна.

54 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй, жил болгон цоожтой хаалганы цаана түгжүүлж үлддэг мянга мянган хүүхдэд зориулсан 100 цэцэрлэг (180 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг дунджаар 500 сая төгрөгөөр баригдаж буй) байгуулах боломжтой. Төсөв мөнгөгүйн улмаас Яармагийн дэнжид баригдаж амжилгүй олон жилийн турш “царцаастай” байгаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв шиг эмнэлэг гурвыг (2010 онд анх баригдаж эхлэхдээ есөн тэрбум гаруй төгрөгөөр босно гэж байсан ч өдгөө энэ дүн хоёр дахин нэмэгдээд буй) сүндэрлүүлж дөнгөнө.

Мөн 50 тэрбум төгрөг хэмнэхийн тулд өнгөрсөн жил манай Засгийн газар төрийн 3000 албан хаагчийг цомхтгож, төсвийн урсгал зардлаас дээрх мөнгийг “босгохоор” ярьж байсныг та санаж байгаа болов уу. Аргаа барсандаа л төр, засаг ноднин 1.4-хөн тэрбум төгрөг хэмнэхийн тулд шинжлэх ухааны ажилтнуудын цалинг хүртэл танахаар санаархаж, бөөн асуудалд орсон байлгүй.

Байгуулагдаад удаагүй мэргэжлийн Засгийн газар маань хүртэл сая татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэгдүүлж, иргэдийн халааснаас мөнгө татах гээд барсангүй. Ийм ээдрээтэй үед манай мянгатууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, хоттой малаасаа 100, 100 бог өгчихөд тэгтлээ хотойгоод сүйд болохгүй л байх. Гол нь тэднийг зөв, сайхан зүйлд уриалан, нэгтгэх нь чухал.

1990-ээд оны дундуур Өмнөд Солонгост валютын ханшийн өсөлт гаарч, эдийн засаг нь гүн хямралд ороход бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид алтны нөөц бүрдүүлэх зорилгоор ард түмэндээ хандан уриалга гаргажээ. Тэр өдрийн маргаашаас нь эхлээд л алтан ээмэг, бөгж, гинжээ мултлан, улсдаа хандив өргөхөөр дугаарлан зогссон бүх солонгос хүний халуун сэтгэлийн ачаар тус улс ам.долларын ханшийг “номхтгож”, эдийн засгийн хямралыг даван туулсан гэдэг.

Нэгдэж чадвал манайхан энэ байтугайг ч бүтээх боломжтой билээ. Тэртээ 1940-өөд оны хүнд бэрх, ядуу тарчиг цагт хүртэл “Бүхнийг фронтод” хэмээн Зөвлөлтийн армид туслах аянд аль байдгаа барьж байсан хүнлэг сэтгэл монгол хүнийх учраас малчдадаа эргэлзэхгүй байна.

Гэхдээ энд нэг том асуудал гарч ирнэ. Н.Шаравжамц гуайг улсдаа 100 хонь бэлэглэнэ гэнгүүт л “Чононд мах хадгалуулдаг шиг юм болох вий”, “Төр, засгийн муусайн луйварчдад мал өгөөд яадаг юм. Тэрний оронд өөр сайн үйлсэд зарцуул” гэх хүн цөөнгүй таарч байна билээ.

Үнэхээр ч энэ бол бодох л асуудал. Монголын өнцөг булан бүрээс цуглах тэр олон малыг хэн, хаана, хэрхэн борлуулах вэ, яаж хяналт тавих вэ гэдэг нь зохион байгуулалтын ихээхэн ур чадвар шаардах нь дамжиггүй. “Улсдаа мал хандивлацгаая” гэдэг санаачилга одоохондоо тодорхой эзэн биегүй, бүдэг бадаг зүйл төдий байна. Үүнийг амьдралд хэрхэн наах вэ гэдэг л чухал юм.

“Амаар өгснийг алж болдоггүй” хэмээх айхтар үг нүүдэлчин монголчуудад бий. Амаар өгснийг тэр дор нь баталгаажуулж, ажил хэрэг болгох хариуцлагатай, сэтгэлтэй, шударга баг бүрэлдэхүүн томилохоос энэ ажил хэр урагштай, үр дүнтэй байх вэ гэдэг шалтгаална.

Дээр хэлсэн шиг малчдаас цуглуулсан бог малаа зарж борлуулаад, юм болгож чадахгүй бол ядаж тал хагасаар нь ирэх 2-3 жилийн нөөцийн махаа бэлтгэх гарц ч бий. Манай улс саяхныг хүртэл нөөцийн мах бэлтгэхэд зориулж, жил бүр 12-18 тэрбум төгрөг зарцуулдаг байсан.

Өнгөрсөн жилээс нөөцийн мах бэлтгэх мөнгө байхгүй гээд үүнийг болиулсан билээ. Өөр бас нэг санаа байж болно. “Их тэнгэр” цогцолборт манай төр, засгийн түшээдийн зоог, хүлээн авалтын мах шүүс гэж зэгсэн юм ордог тухай дуулддаг. Говийн болон зүүн аймгуудаас ирсэн малаас шигшиж сорчлоод, “Их тэнгэр”-ийнхний хүнсэнд ашигласан ч болохгүй гэх газаргүй. Ер нь тэгээд хийх хүнд арга нь олдоно доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)