Салхитын алт, мөнгөний ордын хүдэр баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын алт, мөнгөний ордын үйл ажиллагаатай УИХ-ын дарга Г.Занданшатар танилцсан байна. Хүдэр баяжуулах үйлдвэрийг нь бүрэн ажиллуулж эхэлснийг тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр онцлоод, “Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг тавдугаар сар гэхэд бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтдаа хүрлээ. Салхитын алт, мөнгөний ордын ашиглалтын талбайн гуравны хоёрт нөөц тогтоолгоход 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алт бий гэсэн. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр уг нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, эдийн засаг, бүс нутгийн хөгжилд энэ орд өндөр ач холбогдолтой” гээд, богино хугацаанд үр дүнтэй ажилласан хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Тус ордыг өнгөрсөн арванхоёрдугаар сард төрийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд нийт 2887.85 га талбайг хамардаг аж. Түүнчлэн жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулбал хоногт 1000 тонн хүдэр боловсруулан, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай юм байна. Нэг тонн баяжмалд ойролцоогоор мөнгө, зэс, цайр тус бүр нэг кг, алт гурван грамм агуулагддаг гэнэ. Уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай гүний худгаас усаа авдаг бөгөөд нөөцийн усан сан гурвыг байгуулжээ. Хэрэглэсэн усныхаа 85 хувийг дахин ашигладаг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)