“Салхиар дуулагч” уралдаанд 100 гаруй хөөмийч оролцож байна

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдааныг өнөөдрөөс 22-ныг хүртэл нийслэлд зохион байгуулж буй. Уг уралдааны шагналын сан 18 сая төгрөг бөгөөд монгол дархны ур, ухаан шингэсэн цом, медаль дагалдах аж. Уралдаанд Монгол, Буриад, Тува, Өвөрмонгол, Халимагаас 100 гаруй хөөмийч оролцож буй.

Монголын хөөмийн холбооны гишүүн Б.Хосбаяр “Дэлхий дахинаа зөвхөн өөрийн түүх, соёлыг сурталчлаад явах бус, хөөмийн урлаг өргөн тархсан улсуудтай хамтрах нь илүү үр дүнтэй. Тиймээс дээрх улсын хөөмийчдийг урьсан” гэв. Хөөмийн урлагийг өвлөсөн ахмадуудад тусгай шагнал, тэмдэг олгохоос гадна уг уралдааны тэргүүн байр 5000 ам.доллар, гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байр тус бүр 2000, удаах байрыг 1000, 500 ам.доллараар шагнах аж.

Улсын филармонийн их танхимд өнөөдөр “Хөөмийн өнөөгийн байдал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болно. Уг наадмыг ирэх жил ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулахаар төлөвлөжээ.


 Г. БАТЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)