Сайхан монгол залуугийн төлөө


Хүнд нэг сайхан найз байдаг даа. Өөлөөд өөлөөд өө олддоггүй, эрээд эрээд дутагдал гардаггүй. Яг тийм найз бидэнд бий. Түүнийг Бат-Өлзийгийн Батзаяа гэдэг. 41 настай. Таван сайхан хүүхдийн эцэг, гурван хөөрхөн ач зээгийн өвөө болсон эгэл жирийн л монгол залуу. Гэхдээ зан чанарын хувьд эгэл биш. Одоо цагт ховордсон чанар түүнд олон бий.

Заяа идэр наснаасаа эхлэн бие хамгаалах урлагаар хичээллэсэн, бие дааж. 80-аад оны сүүлээр Ардчилсан Солонгосын "Хон Гил Дон" гэдэг кино монголчуудыг шууруулсан даа. Тэр киног үзээд тэрбээр энэ урлагт туйлын дуртай болсон юм. Удалгүй Брюс Ли Монголд мандахад тулалдах арга хэлбэрийг нь судалсан, бас сурсан. Хөл гарын нь уян гэж жигтэйхэн, ур чадварын сайн ч гэж мундаг. Биерхүү, тэгээд зодоонд мундаг залуу ямар байдаг билээ дээ, бусдад онгирно, бусдыг дээрэлхэнэ.

Тэгвэл Б.Батзаяа эсрэгээрээ. Зөөлөн араншинтай, тусч зантай. Хаа явсан газраа бусдад тусалдаг чанарыг нь түмэн олон мэднэ. Хэнд тулалцаа хэрэгтэй болов тэр бүгдэд Заяа л байж байх. Машин эвдсэн ч Заяа, хашаа барьсан ч Заяа, ер нь тэгээд хаана л бол хаана, хэзээ л бол хэзээ Заяа байж байдаг юм. Хамгийн гол нь, хэнээр ч гүйлгуулалгүй өөрөө л гүйгээд оччихдог гайхалтай сайхан сэтгэлтэй. Мөн хүн болгонтой эвтэй байж, хүмүүн бүртэй найрсаг харилцдаг чанараараа нутаг орныхондоо үнэлэгддэг, бас хүндлэгддэг. Тиймээс түүнийг танихгүй хүн Алтанбулаг суманд үгүй, мэдэхгүй улс Сүхбаатар хотод бараг байхгүй дээ.

Гэтэл... Хаа явсан газраа бусдад ямагт тусалж байдаг Б.Батзаяад маань бид бүхний тус, олон түмний тусламж хэрэгтэй боллоо. Тэрбээр эрүүл болохын төлөө чадлаараа зүтгэж, байдгаараа хичээсэн ч аюулт өвчнийг дийлж хараахан чадахгүй байна. Түүний зүрхний үйл ажиллагаа дордож, зүрхний архаг дутагдал хэмээх онош тогтоолгосон тул хоног өдөр алдах эрхгүй хэцүүхэн мөч тохиогоод байна. Түүний эмчилгээг Монгол эх орондоо хийлгэх бүрэн боломжтой бөгөөд зүрхний аппарат суулгах мэс заслын зардалд 65 сая төгрөг шаардалгатай ажээ.

Тиймээс таван сайхан хүүхдийн эцэг, гурван хөөрхөн ач зээгийн өвөө болсон сайхан сэтгэлт залуудаа туслахаар Алтанбулаг сумын иргэд болон ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ард түмэн болон ЗДТГ, “Зэлтэрийн зам” компанийн хамт олон, ангийн найзууд, найз нөхөд нь эрвийх дэрийхээрээ зүтгэж байна. Дээд ангийн нь эгч СТА, дуучин Б.Баярцэцэг Б.Батзаяадаа зориулан хандивын тоглолт хийлээ. Монгол даяар алдартай Сэлэнгийн “Долгио” чуулга тусламжийн концертыг зохион байгууллаа. Монголчууд монгол хүндээ хайртай. Зөв эр хүний дуурайлал болсон монгол залуудаа нас хайрлая.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)