“Сайхан бүсгүйн гар хүрэхэд гаслангуйн мод цэцэглэнэ”

Энэ бол зураач, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш Ө.Гандуламын 2004 онд бүтээсэн зураасан зураг буюу графикийн ажил. Үүнийг тэрбээр МУЭ-ээс “Арт” галерейдаа зохион байгуулсан “График” үзэсгэлэнд зориулсан юм билээ. Үзэсгэлэн нээхийн өмнөх өдөр түүний найз, яруу найрагч Л.Өлзийтөгс охиноо дагуулаад яваад очиход нь ихэд олзуурхаж, бүтээлд нэр өгөхийг хүсжээ. Тэгэхэд цэцэн үг цээжинд нь явдаг найрагч санаа, агуулгын талаар цухас яриулсны дараа хэсэг зуур харж байснаа “Сайхан бүсгүйн гар хүрэхэд гаслангуйн мод цэцэглэнэ” гэж хэлжээ. Уг нэр зураачид таалагджээ. Гэтэл бүтээлийн доор зургийн нэр, техник, хэд дэх хэвлэл болох талаар болон туурвисан оныг бичих болоход энэхүү урт нэр талбайд багтаагүй гэнэ. Тэгэхээр нь үзэсгэлэн тулчихаад байхад нэр өгөөгүй сууж байлтай биш гээд “Яриа” гэчихжээ. Зураач тухайн үед түргэн шийдэж, өөр нэртэй болгосондоо өдгөө харамсдаг гэж байлаа.

Зургийг ардын хувьсгалын өмнөх үеийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд агуулга нь нууц яриа аж. Хошууны ноёнд бага хатнаар богтлогдсон залуу бүсгүй хэзээ мөдгүй төрөх дөхжээ. Сэтгэлтэй хархүүгээсээ хүүхэд олсныг эзэн ноён нь мэдчих вий хэмээн болгоомжлохдоо өөрийн дотно шивэгчинд гэрээсээ хол очин ярьж буй аж. Гэтэл яриаг нь алсад бүртийх этгээд сонссоноор нууц нь, нууц биш болж. Эмэгтэй хүн өөрийн амьдралыг шийдэх эрхгүй байсан тэр цаг үеийн тухай зураачийн, 1906 онд төрсөн буурай эмээ минь хуучилж байснаас сэдэвлэн бүтээсэн нь энэ ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)