Сайн үйлс

Юмаа гээж үзээгүй хүн гэж бараг байддаггүй байх. Жишээ нь манай эхнэр бээлийгээ жилдээ нэг, түрийвчээ хоёр жилд нэг удаа гэхэд хэлсдэхгүй байх. Харин юм олсон хүн харьцангуй их цөөхөн сонсогддог юм. Би нэг удаа мөнгө олж байлаа. Зүгээр ч нэг тав, арван цаас биш бүр том дугтуйтай  арав гаруй сая төгрөг байрныхаа гаднах машины зогсоол дээрээс  олсон юм. Машины зогсоол тойроод  хоёр орцтой зургаан байртай. Орц болгоны үүдэнд “Мөнгөө хаясан хүн байвал холбоо барина уу. Мөнгөний тоог дэвсгэрттэй нь хэлсэн хүнд л өгөх тул бусад хүмүүс цагаа үрээд хэрэггүй” гээд утастайгаа бичээд наачихав. 

Эхний өдөр л над руу лав гучаад хүн залгасан байх. Тэдний ярьж байгаа түүх, тайлбар тавьж байгааг сонсоод би бүүр ёстой алмайрч билээ. Худал хэлж зүгээр мөнгө олчих гэсэн хүмүүс яасан ч уран сэтгэмж сайтай хүмүүс байдаг юм. Ёстой зохиолч  ч тийм зүйл бодож олж чадахгүй болов уу. Мөнгөний тоо таарахгүй байсан тулдаа л би өгчихгүй тэвчсэндээ. Сүүлдээ ч цагдаад шууд аваачаад өгчдөг байж гэж бодсон шүү. Маргааш өдөр нь нэг хижээл насны эрэгтэй  ярьлаа. Тэрбээр урьд өдөр нь найман мянга таван зуун доллар солиулаад 16,0 сая 575 мянган төгрөг болгосон гээд дэвсгэрттэй нь шууд хэллээ. 

Америкд ажиллаж амьдардаг хүүхдүүд нь аавыгаа машин ав гэж явуулсан мөнгийг нь солиулж яваад хаясан нь тэр аж. Миний аав шиг л хүн ирээд учиргүй баярлан надад зуун мянган төгрөг өгөх гэхэд нь би авсангүй. Сайн үйлс гэдэг чинь үнэгүй хийгддэг зүйл биз дээ. Би ингэж боддог хүн. Гэхдээ би өөрийгөө сайн үйлс хийсэн ч гэж огт бодоогүй. Мөнгөө хаясан хүн л “буянтай хүү вэ” гээд л баярлаад байхаар нь ийнхүү биччихлээ. Миний үйлдэл бол хүн болгонд байх ёстой мөс чанарын л асуудал. Харин саяхан би түрийвчээ суйлуулчихсан уу гээчихсэн үү хаясан юм. Мөнгөндөө төдийлөн их харамсаагүй ч иргэний болон жолооны үнэмлэх хоёр л сэтгэлийг минь зовоов. Тэдгээр баримтыг шинээр авах гэж нилээд юм болох нь гэдэгт л бухимдах аж. Хоёр сарын дараа нэг залуу яриад бичиг баримтыг чинь оллоо 20 мянган төгрөг өгөөд ав гэж байна. Би шинэ бичиг баримттай болчихсон байсан л даа.  Гэсэн ч миний л бичиг баримт тул би очоод авлаа. Тэгээд хаанаас олов гэтэл Барилгачдын талбайн тэндэх хогын савнаас гэж байна. Тэр залуу найзтайгаа хогын савны хажууд тамхи татаж байгаад олсон гэнэ. Зүв зүгээр хогын савнаас юм олчихоод түүнийхээ төлөө мөнгө нэхэх надад хачирхалтай санагдаж л байлаа. Энэ тухай орой эхнэртээ хэлтэл “Тийн шүү дээ. 20 мянган төгрөг ханш нь юм биш үү. Тоох ч үгүй утастах ч үгүй бол яахын. Харин ч сэтгэл гаргаж” гэдэг байгаа. Бид чинь одоо хаашаа яваад байгаа юм бэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)