Сайн дурын даатгуулагч 186 мянган иргэний НДШ-ийг төр хариуцна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариулт, тайлбар авсан юм. Тухайлбал, тогтоолын төслөөр иргэдийг 6 сарын хугацаанд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, улмаар хорио цээрийн улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн даатгуулагчид 3 сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас cap бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгох зохицуулалтыг тусгасан. Үүнд өөртөө ажлын байр бий болгодог жолооч, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарагдах эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг нар тодруулж асуулаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээнүүдийн үр өгөөжийг бичил бизнес эрхлэгчид, өөртөө ажлын байр бий болгон, орлого олдог хүмүүст хүргэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан ч дунд болон доод шатанд хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хөдөлмөр эрхлэн, холбогдох татвар, нийгмийн даатгал болон бусад төрлийн шимтгэлээ төлж буй иргэн бүрд нийгэм, эдийн засгийн хүндрэл үүссэн үед улсын төсөв, төрөөс зохих хэмжээний дэмжлэг үзүүлдэг зарчмын дагуу дээрх зохицуулалтуудыг тогтоолын төсөлд тусгасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан юм.

Аж ахуйн нэгжийн ажиллагсад 0.2 хувиар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд энэ харилцааны үндсэн дээр ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчдадаа 200.000 төгрөгийн дэмжлэгийг олгож байгаа. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дээрх дэмжлэгийг авах боломжгүй  гэдгийг С.Чинзориг сайд тайлбарласан. Сайн дураараа нийгмийн даатгал төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох эрүүл мэндийн даатгалаас бусад нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаанд төр өмнөөс нь төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан. Энэ арга хэмжээнд 186 мянган иргэн хамрагдах тооцоо байгаа гэв. Ажилгүйдлийн даатгалын сангаас 3 сарын хугацаанд cap бүр олгох 200.000 төгрөгийн дэмжлэгийг хэрхэн олгох талаарх гишүүдийн тодруулгад “Шууд иргэнд олгохоор төсөлд тусгасан ч хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжээр дамжуулах нь зүйтэй гэдэг санал гарсан” хэмээн Сангийн сайд хэлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)