Сайн дурын даатгуулагчдын шимтгэлээс чөлөөлөх дундаж хэмжээг 56 700 төгрөг байхаар тооцов

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар мэдээлэл хийв.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч хамаарна. Тодруулбал, төрийн бус, гадаадын хөрөнгө оруулалттай, төр болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч хөнгөлөлтөд бүрэн хамрагдах юм. Бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсанд тооцно. Түүнчлэн сайн дураар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нь нэг сард дунджаар 56 700 төгрөг байхаар тооцож, чөлөөлнө. Үүнээс ихийг өгдөг бол зөрүү мөнгөө хувиасаа нөхөж төлөх боломжтой. Мөн аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчид энэ оны 4-9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол буцаан олгоно” гэлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайлангаа дараа сарын 5-ны дотор харьяа нийгмийн даатгалын байгууллагад цахимаар хүргүүлэх шаардлагатай байдаг. Үүнийг хэвээр үргэлжлүүлэх юм байна. Түүнчлэн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-х, МҮХАҮТ, Засгийн газар, ХНХЯ-ны удирдлага уржигдар уулзаж, Сангийн болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой хууль, Засгийн газраас гаргасан журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг ХНХ-ын дэд сайд ахлах гэнэ. Тэд хууль, тогтоомж, Засгийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан журам, зааврыг нэгдсэн ойлголттойгоор олон нийтэд түгээж, сурталчлах үүрэгтэй аж. Хууль, журмыг хэрэгжүүлэхэд чиглэл, зөвлөмж өгөхөөс гадна хэрэгжилтэд нь хяналт тавих юм байна.

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая гаруй хүний 200 орчим мянга нь төрийн албан хаагч, 50-60 мянга нь төрийн болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжид ажиллаж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг тодотголоо. Мөн тухайн байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, эсэхээс үл шалтгаалан чөлөөлөлтөд хамрагдана гэдгийг тэрбээр хэлэв.

Ташрамд дурдахад, МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан доор маргааш жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Үүнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга хүлээн авч уулзаад, “Эрсдэлийг хохирол багатай даван туулахад хамтран ажиллах нь илүү чухал учраас жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалж байна” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)