Сайн бүхэн чуулсан өдөр буюу “би”-гээ татахын учир

Б.ДАРАМБАЗАР “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн багш, буддын гүн ухааны магистр

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр. Энэ өдрийн баярт мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Эл өдөр онцгой гурван гэгээлэг үйл явдал давхацдаг бөлгөө. Учир юу гэвэл бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл тохиосон нь хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө гараагүй нэн чухаг учрал юм. Үүнийг Бурхан багшийн их дүйчэн өдөр хэмээн нийтэд алдаршуулсан аж. Дүйчэн гэдэг нь төвөд үг бөгөөд Баярт хуримын өдөр хэмээн (Төвөд, Хятад үгсийн их сан) толь бичигт тайлжээ. Онцгой үйл явдал тохиож, баяр баясал тохиосон өдрийг ийн нэрлэдэг. Энэ нь зүгээр нэг наргиж цэнгэх наадаан бус, чухамдаа зөв үйл хийж, сэтгэлээ тайтгаруулан ухаан билиг нэмснээр баяр баясал төрөх буян номын хуримыг хэлдэг.

Бурхан багшийн дөрвөн их дүйчэн өдөр бий. Тэр нь:

  1. Хаврын тэргүүн сарын шинийн 1-15 хүртэл Рид хувилгаан үзүүлсэн
  2. Зуны тэргүүн сарын шинийн 15-нд Илт туулсан бурхны хутгийг олж төгс гэгээрсэн
  3. Зуны адаг сарын шинийн 4 (зарим сударт шинийн 6-нд гэдэг)-нд Номоо номлосон
  4. Намрын адаг сарын 22-нд Тэнгэрийн орноос замбутивд заларсан

Үүнээс зуны тэргүүүн сарын шинийн 15-ны их дүйчэн өдрийг ихэд чухалчилж үздэг. Учир нь дараах гурван үйл явдал давхацдаг.

МЭНДЭЛСЭН: Гурван мянганы тэртээ НТӨ VI зуунд Энэтхэг орноо Шагжаан омгийн Шуддходана хааны гэр бүлд зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр нэгэн бэлгэ шинж төгөлдөр нуган үр мэндэлжээ. Хаан, хатан хоёрт олон жил үр заяахгүй байтал нэг шөнө хатан зургаан соёотой цагаан заан ирээд хэвлийд нь оршив хэмээн зүүдэлж, төд удалгүй хөл хүнд болжээ. Нутгийн заншил ёсоор хатан төрсөн гэртээ очиж нярайлахаар явж Энэтхэг, Непалын хилийн заагт орших Лүмбиний цэцэрлэгт амсхийх зуур биед ямар ч зовиур шаналалгүйгээр нэгэн үзэсгэлэнт хүү мэндэлж, улс орон даяар баяр баясгалангаар бялхав. Хүүгийн гишгэсэн мөр болгоноос лянхуа цэцэг дэлгэрэн ертөнцийг дүүргэх их гэрэл гэгээ цацарч, мод ургамал бүхэн үр жимсээ дэлгэн, тэнгэр бурхдын аялгуу эгшиг дуурсаж, хүмүүн бүгдийн сэтгэлд ер бусын амар амгалан төрж, элдэв гайхамшигт зүйл олонтоо болоод улс орон даяар баяр хөөрөөр бялхжээ. Энэ ахуйд хаан эцэг Шуддходанагийн албат иргэдээс 500 хөвүүн төрж, 500 гүү унагалж, 500 үнээ тугалж хамаг сангийн гэр эрдэнэ, эд таваараар бялхаж, нутаг орон ой цэцэрлэгээр дэлгэр сайхан болсонд хаан эцэг ихэд бэлэгшээн хан хүүг мэндлэхүйд ийм олон зүйл хэрэг бүтсэн тул хүүд Сиддихарта буюу Хэрэг бүтсэн хэмээх нэр хайрлав. Хүү ухаан төгөлдөр, сүр жавхлант бөгөөд тоглож наадахаас ангид, сурч мэдэхийг эрэлхийлдэг нэгэн аж.

ТӨГС ГЭГЭЭРСЭН: Сидхартааг мэндлэх үед зөнч арш нар “Энэ хүү хаан төрийг баривал дэлхийг захирах Загарвардийн хаан болно. Эсвээс дияанч болбол хүн төрөлхтнийг гэгээрэлд хөтлөх агуу нэгэн болно” хэмээн зөгнөсөн байдаг. Үүнийг сонссон хаан эцэг нь түүнийг юугаар ч үл дутаан элбэг хангалуунд умбуулж, элдэв хар бор ажил, хүнд бэрхээс ямагт ангид байлгахыг хичээж байв. Сиддихарта ном төвөггүй сурч, хаан төрийн эрдэмд суралцан 29 нас хүртлээ ордонд амьдарчээ. Нэгэн өдөр хан хүү ордноос гарч өтөлж ядарсан, өвдөж шаналсан, төрөх, үхэх үйлийг нүдээр үзэж ихэд бодлогошров. Зарим нь хааны ордонд тансаг амьдралд умбан жаргаж байхад нөгөө хэсэг нь үмх хоол ч үгүй өлбөрч үхэх, амьд нь бие биенээ барьж идэх шаналалд автах тэргүүтэн зовлонгийн шалтгааныг олохоор 29 насандаа ордноо орхиж гэгээрлийн зам мөрийг хөөхөөр буцалтгүй шийджээ. Ийн Сиддихарта тойн болж, үнэнийг хайж бэдэрсээр Ниранзана мөрний хөвөөнд очиж, зургаан жилийн турш дияан бясалгалд шамдан бэрх хатуужил үйлдсэнээр үнэнийг ухаарч, зуны тэргүүн сарын шинийн 15-ны үүр гийхүйд бодь модны дэргэд төгс гэгээрч бурхны хутгийг олсноор Бурхан багш хэмээн олноо алдаршжээ. Өдгөө ч тэрхүү бодь мод түүхийн гэрч болон Энэтхэгийн Бихар мужид бий.

Бурхан багш 29 нас хүртлээ хааны ордонд амьдарч, элбэг хангалуун тансаг байсан ч атаа хорсол, шунал тачаал, үзэн ядалт, дайн дажин, ядуу хүмүүсийг дорд үзэх нийгмийн тэгш бус байдал зэрэг бусармаг үйлдлийн учир шалтгааныг олохыг чинхүү эрмэлзэж байв. Энэ бүгдийн шалтгаан нь “би” гэж өөрийгөө бөөцийлөн илүүд үздэг аминч үзлээс улбаатай болохыг танин мэдэж, мунхаг үзлийг арилгаж, сэтгэлийн гэгээн мөн чанарт нэвтрээд ертөнцийн юмс үзэгдэл шалтгаан үрийн гинжин хэлхээсээр нөхцөлдөн орших шүтэн барилдлагын хуулийг олж нээжээ. Ямарваа юмс үзэгдэл шалтгаанаас үүсэх бөгөөд шалтгааныг үгүй болговол түүнээс үүсэх ямар ч үр дагавар үгүй болно. Иймд зовлонг үүсгэгч шалтгааныг бүрэн устгаж чадсан хүн жинхэнэ аз жаргалд хүрч, бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно. Үүнийг ойлгож мэдсэнээр тэрбээр хүмүүний сэтгэл хүсэл шунал үүсэх дадалтай байдгаас юмс үзэгдлийг оршин байгаа мэт хуурмаг төсөөлөлд төөрөгдөж байдаг гэх туйлын үнэнийг олж мэдсэн байна. Тэрбээр үнэнийг танин мэдсэн билиг ухааны гэрэл тодорсноор сэтгэлд оршсон хир буртаг нь угаагдаж, мунхгийн харанхуй сарнин арилжээ. Сэтгэлийн бүх эндүү бодлын хүлээс тайлагдаж, цаашид үүсэх ямарч хүсэл, шунал үгүй болсон ба туйлын үнэнийг онож мэдсэнээр төгс гэгээрэлд хүрсэн байна. Ийнхүү тэрбээр Ялж төгс нөгчсөн бурхан хэмээн ертөнцөд алдаршив. Түүний утгыг тайлбал:

  • Ялж -Муу сэтгэлийн хир буртгийг үндсээр нь арилгаж нисванисыг дарж, өөрийгөө ялсан
  • Төгс -Эрдэм бүгдийг төгс эрхшээсэн
  • Нөгчсөн -Энэрэн нигүүлсэл нь хэтийдэж, ертөнцөд буй гэгээрэгчдээс хувь илүү гарсан нь гагц Бурхан багш болой. Ингээд Бурхан багш гурвантаа номын хүрд эргүүлж сургаалаа айлдсан байдаг. Үүнийг Номын гурван хүрдэн хэмээн нэрлэдэг.

НИРВААН ДҮРИЙГ ҮЗҮҮЛСЭН: Бурхан багш амьтны тусад тасралтгүй 46 жилийн турш ном сургаалаа айлдаж, хамаг амьтныг соён гэгээрүүлээд 81 сүүдэр дээрээ зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр орчлонгийн мөнх бусыг сануулан нирваан дүрийг үзүүлжээ.

Энэ мэт гайхамшигт үйл ертөнцөд гарах нь маш ховор. Бидний амьдран буй цаг үе бол гэрэлт галав буюу сайн цаг ажээ. Учир нь энэ галавт Сайн цагийн мянган бурхан саатан номоо айлдаж, хүн төрөлхтний оюун ухаанд гэрэл гэгээ түгээнэ. Бурхан багш бол сайн цагийн мянган бурхны дөрөв дэх нь болой.

Бурхан багш энэ ертөнцөд залран ном сургаалаа айлдсан нь хүн төрөлхтний түүхэнд үнэлж барамгүй маш гайхамшиг бөгөөд дэлхий дахинаа энх тайван, эв эеийг цогцлоохын үндэс онол сургаалыг айлджээ. Бурхан багшийн сургаал бол энэрэн нигүүлсэх үзлийг төрүүлж, билиг ухааныг хөгжүүлэх гэсэн үндсэн хоёр онолд суурилдаг. Үүнийг бид арга, билгийн ухаан гэж нэрлэдэг. Энэ бол хүмүүнийг төгс боловсруулдаг ухаан юм.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР БА АЧ ХОЛБОГДОЛ

Бурхны шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри-Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлж, тэмдэглэдэг болжээ. Мөн 1999 оноос Нэгдсэн үндэстний байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон байна.

Монгол Улсын хувьд УИХ-аас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон албан ёсоор тэмдэглэх гэж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой.

Хүн бүр нэгэн үзүүрт сэтгэлээр нэгэн өдрийг буян номд зориулан сайн үйл үйлдэж, өөрийн алдаа оноог дэнслэх, буяны төлөө зорьдог болоход чухал нөлөөлнө. Жирийн үед хийсэн буянаас их дүйчэн өдөр үйлдсэн буян онцгой арвиждаг. Тиймээс Бурхан багшийн эрдэм чадал, энэрэн нигүүлслийг нэхэн санахын төдийд дотоод сэтгэлд ариусал төрдөг тухай Далай багш айлджээ.

Гэр бүл, найз нөхөд, номын ахан дүүсээрээ үгийн сайхныг хэлэлцэн нэгдэж, сайн үйл үйлдэх боломжтой юм. Гэр бүл амгалан бол улс орон амар тайван байна. Гэр бүлийн аз жаргал харилцан ойлголцол, хүндэтгэлээс эхэлдэг. Тэгвэл энэ бүхэнд зориуж гэр бүлийнхээ төлөө, улмаар эх дэлхийн хамаг амьтны сайн сайхны төлөө залбирал, ерөөл хүслээ үйлдэх хэрэгтэй. Нийгэм нийтээр ёс суртахууныг эрхэмлэх, улмаар улс даяараа эвлэлдэн нэгдэж, нэгэн зүгт алхах оюун санааны том нэгдэл бас сануулга юм. Бидэнд “би”-гээ хойш татаж, нийтийн эрх ашгийг урьдаар тавих ёс суртахуун юу юунаас чухал байна. Амин хувиа хичээсэн үзэл биднийг улам л арчаагүй болгоно. Харин бусдын эрх ашгийг урьтаж санах ухаан, нэгнээ хайрлах энэрэл нигүүлслийг төрүүлэх өдөр бөлгөө.

Нүгэл үйлдвэл зовлон, буян хийвэл жаргал ирдэг нь үйлийн үрийн хуурмаггүй зүй тогтол юм. Тиймээс Бурхан багшийн их дүйчэн өдрөө буян номын ашид амар мөрийн гэгээ татуулахыг ерөөе.

Энэрлээр нэгдэж эвээр бүтээе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)