САЙН ААВ

Нагац эгчийн минь анхны амьдрал бүтэлгүйтэн, хоёр охиноо авч өөр хүнтэй гэр бүл болсныг би бүр хожим мэдсэн юм. Тэднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн, инээд хөөр цалгисан сайхан айл бөгөөд эгчийн нөхрийг бид бага ах гэж дуудна. Зуны нэг орой бага ахынд холоос зочин ирлээ. Ховдын айлууд зусланд гарахдаа Буянт голынхоо хоёр эрэг дагуу гэрээ эгнүүлэн барьж, хаяа нийлүүлэх шахаж буудаг учраас хэнийд ямар зочин ирсэн, ямар үйл явдал болж буй нь андашгүй. Бага ахынд холын зочин ирэхэд нагац эгч тэр хоёр төдийлөн баяртай угтаагүй юм даг. Тор дүүрэн амттан авчирсан тэр ах хоёр том охинд нь даашинз, сандаал бэлэглэсэн нь тэдэнд яг сайхан таарсан төдийгүй чихэр, жигнэмэг зөндөө авчирсан нь санаанаас гардаггүй юм. Төд удалгүй бага ах гэрээсээ гараад голын хөвөөнд ирж суунгаа учиргүй санаа алдаад “Уран, Саран хоёрынх нь төрсөн аав нь ирсэн. Миний охин гэр лүү битгий ор. Тэд ярилцаж байгаа” гэдэг юм байна. Би бүр гайхаж орхилоо. Бага ах аав нь байтал ахиад яагаад аав гараад ирэв. Ирэхдээ бас зөндөө амттан, хувцас бэлэглэдэг байна шүү гэж бодоод атаархах ч шиг. Гэртээ гүйж оронгуутаа “Би яагаад ганцхан аавтай юм бэ. Төрсөн өөр аав байхгүй юу” гэж асуугаад загнуулж ч байсан гэдэг. Уран, Саран хоёрын минь төрсөн аав нь нэг л удаа тэгж ирснээс хойш миний мэдэхээр ахиж үзэгдээгүй. Дараа нь сонсоход бага ах “Охидыг том болохоор уулзаж байж болох уу, бага балчир хүүхдүүд минь сэтгэл санаа нь үймэрч, надаас хөндийрч магад” хэмээн гуйсан гэсэн. Шооч, дөлгөөн зантай, ажилсаг бага ах минь хүүхдүүдээ эцэг хүнд байж болох тийм л халуун хайр, халамжаар өсгөсөн юм. Олон жилийн дараа Уран ээж болоход аав нь эмнэлгийн үүдэнд цай, шөлтэй хүлээж суухдаа “Ингээд өвөө болдог байжээ, зээ хүүтэй боллоо” хэмээн нулимсаа арчиж харагдсан.

Бидний нэрлэж заншсанаар социализмын үед төрж, өссөн хүмүүс мөс сайтай, хүмүүжилтэй, журамтай байснаас өргөж авсан болон дагавар хүүхдээ өөрсдийн үрээс ялгалгүй, сайн ханддаг байсан гэж зарим хүн хэлдэг. Одоо үед хүний мөс чанар муудсаны улмаас хойт эцэг, эхчүүд дагавар хүүхдүүддээ харгис, хэрцгий ханддаг болсон, үр хүүхэдтэй хүмүүс салж сарнисан бол дахин амьдрал зохиосны хэрэггүй гэх нь бий. Дөрвөн жилийн өмнө танил бүсгүй минь хүү, охин хоёроо хөтлөөд нэг залуутай гэр бүл боллоо. Хоёрын хоёр хүүхэдтэй байж ахиж хүнтэй суугаад дэмий, ямар ч зан араншин гаргах юм билээ, тэгээд ч өөрийнх нь хүүхэд төрөхөөр эрчүүд дагаврыгаа ад шоо үздэг хэмээн цөөнгүй хүн анхааруулсан. Тэгвэл өдгөө тэднийх нэг хүүтэй болчихсон сайхан амьдарч байгаа. “Хоёр хүүхэдтэй байх өөр юм. Гурав болоод ирэхээр л олон хүүхэдтэйд тооцогдож эхэлдэг юм байна. Одоо ханьдаа алдарт эхийн одон зүүлгэхэд анхаарна аа” хэмээн тоглоом шоглоом хийдэг тэр залуу үнэхээр сайн аав. Ийн жишээ татаад бичээд буйн учир нь хойт эцэг, эхчүүд бол хүний адаг, бас л нэг муухай амьтан, дагавар хүүхдээ зодож, хэрцгийллээ, үр хүүхэдтэй хүмүүс дахин амьдрал зохиож, хувийн жаргал хөөхөө боль хэмээн хэт их ярьж, бичиж буйг эсэргүүцэх гэснийх. Ялангуяа манай монголчууд, монгол эрчүүд бол уужим сэтгэлтэй, холч ухаантай, тэсвэртэй, ноён нуруутай, дөлгөөн зан авиртай гэж боддог. Тэгтлээ эвдэрч, гаж буруу дадал суун, харгис, мунхаг сэтгэл зүрхтэй болчихсон нь цөөн. Ер нь орчлон дэлхийд сайн хүн, сайн аав муугаасаа харьцангуй олон бий шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)