Сайжруулсан шахмал түлшийг стандартын шаардлага хангасан гэж оросууд дүгнэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өчигдөр ээлжит мэдээллээ хийлээ. Юуны түрүүнд ОХУ-ын Санкт-Петербург хотод байрлах “Регион север запад” лабораторид шинжлүүлсэн “Тавантолгой түлш” ХХК-д үйлдвэрлэж буй шахмал түлшид хийсэн шинжилгээний хариу ирснийг дуулгав. Тус лабораторийн шинжээчид шахмал түлшийг хэд хэдэн үзүүлэлтээр шинжилсэн байна. ОХУ-ын “Регион север запад” лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш 5679:2019 стандартын шаардлага хангасан гэжээ. Мөн шахмал түлшний чөлөөт хөөлтийн зэрэг нэг гарсан нь ахуйд хэрэглэж болохыг илтгэсэн эерэг үзүүлэлт аж.

Уржигдар шөнийн байдлаар 10 хорооны 11 өрхөөс шахмал түлштэй холбоотой мэдээлэл ирсэн байна. Мөн шалган нэвтрүүлэх товчоогоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавихад 21 шуудай түүхий нүүрс Эмээлт дэх товчоогоор оруулахыг завдсан зөрчил гарчээ. Энэ хугацаанд айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэж байна гэсэн мэдээлэл цөөнгүй ирсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Б-гийнх түүхий нүүрс түлж байж. Мөн тус дүүргийн XX хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цасангуа” цэцэрлэгийнхэн түүхий нүүрс түлж байсныг илрүүлэн зөрчлийн хэрэг үүсгэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)