Сайжруулсан түлшний тээвэрлэлтийг эрчимжүүлэв

Сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарч, олдохоо болилоо гэж иргэд шүүмжлэх болсон. Эл асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ сарын 11-12-нд шилжих шөнө түлш борлуулах цэгүүд болон “Тавантолгой түлш” компанид ажиллажээ. Тэрбээр өчигдөр нийслэлийн Онцгой комиссыг хуралдуулсан юм. Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнөөдөр (өчигдөр) өглөөний байдлаар Сүхбаатар дүүргийн 10, Чингэлтэйн 17, Баянголын зургаа, Сонгинохайрханы 36, Хан-Уулын нэг цэгт түлш алга” гэж мэдээлэв. 

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарсны улмаас ийм асуудал үүссэн аж. Эл асуудлаа шийдэж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснийг “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар өчигдөр мэдээлсэн. Тэрбээр “Манай компанийн 1200 гаруй ажилчин, албан хаагч 24 цагаар ажиллаж байна. Үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж буй. Өдөрт 2500 тонн түлш үйлдвэрлэж, 1000 автомашинаар дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байгаа” хэмээлээ. Бүх цэгт нэн яаралтай түлш хүргэх үүднээс Онцгой комиссын гишүүд, дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран өчигдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гаргажээ.

Ташрамд дурдахад, иргэд угаартахаас сэргийлэх үүднээс гэр хорооллын бүх айлд хий мэдрэх төхөөрөмж суурилуулах үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгсөн. Үүний дагуу энэ сард багтаан 167 000 өрхөд төхөөрөмж үнэгүй олгох болсон гэнэ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)