Сайд Ч.Улааныг огцруулах санал гаргав

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах саналыг УИХ-д өргөн барьж буйгаа өчигдөр мэдээлэв. Энэ нь гурван шалтгаантай аж. Нэгдүгээрт, сайд Ч.Улаан малын үнийг унагааж, малчдын орлогыг багасгасан, хоёрдугаарт, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж, дампууруулах хэмжээнд хүргэсэн, гуравдугаарт, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулж байна гэж тэрбээр үзжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн оны есдүгээр сард махны үнэ хангалттай өссөн. Харин өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр буураад байна. Шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хятад компаниудад мах бэлтгэх квот олгосонтой шууд холбоотой.

Манай улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй үйлдвэр нь квоттой 10 гаруй компанийн нэр дээр мах экспортлох хүсэлт тавьдаг. Зөвшөөрөл авсан эдгээр үйлдвэр квотоо бусдад дамжуулан зарж, кг тутамд 12 юанийн авлига нэхэж байна. Ч.Улаан сайд зөвхөн хятад компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Квот авсан 12 компанийн ес нь хятад. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл аваад, квотоо зарж байгаа” гэв.

Бэлтэгсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)