Сайд асан З.Баянсэлэнгийг дахин шалгуулна

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны газрын дарга Ж.Бурмаа, мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдрийн турш хэлэлцээд өчигдөр 18.30 цагийн үед тогтоолоо танилцуулав. Тэднийг албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцаас 123 айлынхыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Засгийн газрын хурлаас улсын төсвөөс 972.4 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн байдаг. Түүнчлэн тухайн байрандаа МАХН-ын гишүүн, дэмжигчээс гадна өөрийн хамаатныг оруулсныг мөрдөн байцаалтын явцад тогтоож, тэднээс нь гэрчээр мэдүүлэг авсан аж. Шүүх яллах, цагаатгах талын нотлох баримт, мэдүүлгүүд зэргийг дүгнээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна.

Уг нь тэдэнд холбогдох хэргийг дээрх шүүх 2018 онд хэлэлцээд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцон, З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 19.2, М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жил хасаж, 9.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэн, улсад учруулсан хохирлыг “Бэрэн групп”-ээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байсан билээ. Гэвч Улсын дээд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, энэ хооронд М.Болортуяагийн Төрийн банканд ажиллаж байхдаа үйлдсэн хэрэгтэй нь нэгтгээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. З.Баянсэлэнгэ тухайн үед шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулж байсан тул цагдан хорьж, улмаар Төрийн банкны удирдах албан тушаалтнуудын хэргийг тусгаарлан шийдвэрлэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)