Сагсан бөмбөгчид Их дуулгад IV байрт шалгарав

“Токио-2020” олимпын хөтөлбөрт шинээр багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон улсад боллоо.

Дэлхийд тэргүүлж буй хамгийн шилдэг 10 баг өрсөлддөг төдийгүй чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг тус тэмцээнд Монголын “UB Garuda”-гийнхан анх удаа оролцон, VI байрт шалгарав.

Тэд мөнгөн медалийн төлөөх тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт, Сербийн “Novi Sad Al Wahda” багт 18:11-ээр хожигджээ. 3х3 төрлийн тэмцээнд хүрэл медалийн төлөөх тоглолт болдоггүй дүрэмтэй тул манай тамирчид ийнхүү тэмцээнээ дуусгав. Монголын сагсан бөмбөгчид өмнөх тойрогт Сербийн “Zemun” багийг хожиж, тавдугаар сард БНХАУ-д болсон нээлттэй тэмцээнд дийлдсэн даагаа нэхжээ.

“UB Garu­da” багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Э.Цэнгүүнбаяр нар багтжээ.

30.000 ам.долларын шагналын сантай Их дуулгад Сербийн “Novi Sad Al Wahda” багийнхан хоёр жил дараалан түрүүлж, БНХАУ-д аравдугаар сард болох “World tour final” тэмцээнд оролцох эрх өвөртөлсөн бол Словакийн “’Piran”-чууд мөнгөн медалиар энгэрээ мялаав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)